Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний эцэг эхчүүд спортын тэмцээнээр өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан 12 дугаар сарын 7-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд спортын тэмцээнээр өрсөлдөв.
Тодруулбал оролцогчид суугаа волейбол болон зуун буудалт даамны тэмцээнд оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнд амжилттай оролцож шагнал авсан багуудыг танилцуулбал:
Суугаа волейболын төрөлд:
1-р байр: Тэгшбуян ахлагчтай баг тамирчид
2-р байр: Баярцацрал ахлагчтай баг тамирчид
3-р байр: Цамбацэрэн ахлагчтай баг тамирчид
Шилдэг тамирчнаар: Дашдорж нар тус тус шалгарлаа.
Зуун буудалт даамны төрөлд:
Эрэгтэй:
1-р байр: Цамбацэрэн
2-р байр: Дашдорж
3-р байр: Дагвадорж
Эмэгтэй:
1-р байр: Жаргалан
2-р байр: Наранцэцэг
3-р байр: Баярцэцэг нар тус тус шалгарлаа.
Энэхүү үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар болон холбогдох бусад албадууд хамтран зохион байгуулсан юм.
Мөн үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс Монгол Улсад суугаа волейболын спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойн нэрэмжит 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аймгийн суугаа волейболын шигшээ багийн тамирчдын зардлыг хариуцахаар болсон төдийгүй тамирчдад тоглолтын өмсгөл гардууллаа хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй 2.9 мянган хүн байгаа бөгөөд тэдний 1.6 мянга нь буюу 56.3 хувь нь эрэгтэй, 1.3 мянга буюу 43.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 6.4 хувийг 10-19 нас буюу өсвөр үеийнхэн, 10.3 хувийг 20-29 насныхан, 64.1 хувийг 35-59 насныхан эзэлдэг аж.
Харин хөгжлийн бэрхшээлийг хэлбэрээр нь авч үзвэл 16.2 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 20.4 хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй, 41.2 хувь нь бусад (Хавсарсан болон бусад хөгжлийн бэрхшээлийг энд оруулав) төрөлхийн бэрхшээлтэй хүн ам байгаа нь хамгийн өндөр байгаа бол ярианы бэрхшээлтэй хүн ам 2.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн бага байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.