Э.Энхболд: Гадаргын усыг унд, ахуйд ашиглаж байгаа анхных нь Говь-Алтай аймаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцан ажилладаг “Ундарга-Алтай” ААТҮГ-ын дарга Э.Энхболдтой тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний усны төлбөрийг энэ оныг дуустал хөнгөлөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдэв үү?
-Өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгнээс улсын хэмжээнд ус, дулаан, цахилгааны төлбөрийг Засгийн газраас хөнгөлж байгаа. Манай байгууллага Алтай хотын нийт хүн амын усны хэрэгцээг хариуцан ажилладаг. Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотойгоор усны хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хөнгөлөлтөд одоогоор айл өрх 200 сая, аж ахуйн нэгж байгууллага 250 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Харин төсөвт байгууллагууд усны хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаагүй.
-Энэ оны тухайд хэчнээн хэмжээний усыг олзворлов, усны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэр байв?
-Манайх жилдээ дунджаар 500 мянган куб метр орчим ус олборлодог. Усны алдагдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг усны алдагдлаа бууруулахын тулд бидэнтэй хамтран ажиллаж тоолууржуулалтад хамрагдахыг уриалж байна. Ингэж тоолууртай болсноор усны хэрэглээгээ хянах, санхүүгийн хувьд ч хэмнэлт гаргах сайн талтай юм.
Манай байгууллагын тухайд Алтай хотын 18444 хүн ам, нийт 5200 өрхийг ундны цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажилагаа явуулдаг. БОАЖЯ-наас олзворлох усныхаа хэмжээг жил бүр тодорхойлж таван төрөл дээр авдаг. Манай ААТҮГ-ын нийт хэрэглэгчийн 2900 орчим нь гэр хорооллын өрх бөгөөд тэдэнд 22 худаг, гурван цистерн автомашинаар ундны цэвэр усыг түгээдэг. Тэдгээр 22 худгийн 8 нь зөөврийн, 14 нь шугамынх. Бүх худгаа ухаалаг системд шилжүүлсэн. Түүнчлэн 2223 орон сууцны өрх, 210 аж ахуйн нэгж, албан байгууллагын бохир усыг татан зайлуулж, цэвэр усаар хангаж байна.
-“Ундарга-Алтай” ААТҮГ нь Алтай хотын ундны усны асуудлыг хариуцахаас гадна бохир усны ариутгал татуургын ажлыг хариуцдаг шүү дээ. Бохир усны ариутгал татуургын ажлыг ямар төлөвлөгөө зохион байгуулалтаар хийдэг вэ, шугам сүлжээний өнөөгийн байдал ямар байна?
-Тийм ээ аймгийн цэвэр ус болон ариутгах татуургын үйлчилгээг манай байгууллага хариуцан ажилладаг. Төвийн шугам хоолойнууд олон жилийн насжилттай байгаа нь хэрэглээгээ даахгүй задрах, засвар авахгүй байх зэрэг олон чирэгдлийг бий болгож, ажлын ачаалал үүсгэсээр байгаа. Бид энэхүү асуудлаа орон нутгийн удирдлагуудад илэрхийлж, шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийлсэн.
Шугам сүлжээний тухайд Алтай хотын хэмжээнд цэвэр усны 32,7 км, бохир усны 16,7 км шугам ашиглагддаг. 2010 оноос хойш цэвэрлэх байгууламжийн шугамд засвар шинэчлэл хийгээгүй, тиймээс цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа. Шинэчлээд сольчихвол Алтай хотын хэмжээнд цэвэр усыг түгээх, бохир усыг ариутган цэвэрлэхэд маш чухал хөрөнгө оруулалт болно.
-Өнгөрсөн онд аймгийн ИТХ-аас аймгийн усны шугам хоолойг шинэчлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан. Хөрөнгө оруулалт хийж биелэлээ олж чадав уу?
-Аймгийн төвд 1.5 км цэвэр усны шугам солихоор зураг нь хийгдсэн байгаа. Мөн 0.5 км бохирын шугам солихоор хөрөнгө нь 2022 оны аймгийн төсөвт тусгагдсан байна. Он гараад урин цагтай зэрэгцээд шугам хоолой солих ажлаа хийж эхлэхээр төлөвлөөд байна.
-Өнгөрсөн сараас эхлэн Алтайчууд маань “Гэгээн нуур”-ын усыг өдөр тутамдаа хэрэглэн ундаалах болсон. Олон жил хүлээлттэй байсан энэхүү ажлыг танай хамт олон хариуцан ажиллаж байгаа. Үйл ажиллагаанд ямар нэгэн тулгамдаж буй асуудал байна уу?
-Монгол Улс Австри улс хоорондын Засгийн газрын гэрээгээр Тайширын “Гэгээн нуур”-аас Алтай хот хүртэл 54 км шугам татах ажлыг Австри улсын TRM компани туслан гүйцэтгэгчээр ажилласан Сайрам Булган ХХК-иуд гурван жилийн турш ажиллаж ашиглалтад хүлээлгэж өглөө. Манай улсын хэмжээнд гадаргын усыг унд, ахуйд ашиглаж байгаа анхны тохиолдол тул ажилчдаа сургах дадлагажуулах нь нэн тэргүүний зорилт болоод байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.