Цогт сум 10 жилийн хугацаанд 30 сая мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-21 15:37:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын дэвшүүлсэн 10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж, ургуулах аяныг Цогт сум дэмжин мөн хугацаанд 30 сая мод тарихаар төлөвлөжээ.

Тодруулбал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилсан 108 сая мод тарьж ургуулах аяны хүрээнд хамгийн олон мод тарих амлалтыг Цогт сумын удирдлагууд өгч, гэрээ байгуулав. Тэд нийт 30 сая мод тарихаар төлөвлөж буй бөгөөд тус сумын тухайд багийн Засаг дарга нар болон суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд мод тарих хөдөлгөөнд нэгдэж, дэмжиж ажиллах хүсэлт тавин хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга урилгаар оролцож, мод тарих үйлст нь амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Аймгийн Засаг даргын ажлын хэсэгт холбогдох албаныхан төдийгүй Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид багтаж, хөдөөгийн иргэдэд эрүүл мэнд, урлаг соёлын үйлчилгээ үзүүлсэн байна.


相关新闻