Аймгийн Засаг дарга Цогт суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ өдрүүдэд сум, багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан, 2021 онд хийсэн ажил, 2022 оны ажлын төлөвлөгөөг танилцуулж, орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, малчид, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд Цогт сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх дөрвөн чиглэл болох:
-Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр
-Газар тариалан жимс жимсгэнэ хөтөлбөр
-Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил хөтөлбөр
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд хийж буй ажлууд болон бусад төсөл, хөтөлбөрүүдээр хийсэн ажлуудыг танилцуулж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Мөн ажлын хэсэгт томилогдсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид иргэдэд эрүүл мэнд, урлаг соёлын үйлчилгээг үзүүлж байна.