Говь-Алтай аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 18 дугаар байрт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-26 15:25:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Энэхүү судалгаагаар Говь-Алтай аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 47.62 оноогоор 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөгч 1 жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр 21 аймгаас 18-д эрэмбэлэгдэж байгаа тухай судалгааны багийнхан танилцуулав.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлгээр хэмждэг. Үүнээс Говь-Алтай аймаг эдийн засгийн тамир тэнхээгээр 50 оноогоор 15 дугаар байр, засаглалын үр ашгаар 56 оноогоор 12 дүгээр байр, бизнесийн үр ашгаар 28 оноогоор 20 дугаар байр, дэд бүтцийн хөгжлөөр 27 оноогоор 17 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад, Говь-Алтай аймгийн эдийн засгийн чадавх хамгийн их нэмэгдсэн бол харин бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр сүүл мушгиж буй аймгуудын тоонд багтсан байна. 

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож гаргадаг ажээ.
相关新闻