Коронавирусний халдварын улмаас 265 хүн эмнэлгийн тусламж авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 254 шинжилгээ хийснээс 133 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 29 нь хүүхэд, 104 насанд хүрэгч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 265 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 114, хөнгөн оноштой 144 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 66 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.
Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37427, гуравдугаар тунд 16400, дөрөвдүгээр тунд 904 иргэн хамрагдаад байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх, өндөр настнуудын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.