“Ээжүүдээ сонсъё” хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “Ээжүүдээ сонсъё” хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр дуурайлал болсон, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулан өсвөр насны охид, бүсгүйчүүдэд амьдралын эерэг зөв дадал төлөвшүүлэх, нийгэмд хэрхэн байр сууриа олох, хувь хүний хөгжил, гэр бүл, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжил сонголтын талаар туршлага хуваалцах зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс "Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүндэт зочдоор Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Амаасүрэн, Алтан гадас одонт, өндөр настан Б.Мөнх, БШУГ-ын мэргэжилтэн Н.Байгалмаа, Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Д.Баярмаа нар уригдан оролцсон тухай ГБХЗХГ-аас танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг үг хэлсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогч нийт 125 өсвөр насны охид хувь хүний хөгжил, боловсрол, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэнд, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл авч, мэдлэгээ үе тэнгийн найзуудаа уриалж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд оюуны болон сэтгэлийн бүтээлч хувь нэмрээ оруулах иргэд болон төлөвших ач холбогдолтой юм.