“Аавуудаа сонсъё” хэлэлцүүлэг дөрөв дэх жилдээ болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан “Аавуудаа сонсъё” хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг үг хэлсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Уламжлал болгон өрнүүлдэг энэхүү хэлэлцүүлэг дөрөв дэх жилдээ болж буй бөгөөд хэлэлцүүлгийн хүндэт зочдоор Бөхийн жүдо барилдааны Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын начин Г.Гансүх, аймгийн Цагдаагийн газрын дарга, Хурандаа Н.Эрдэнэ-Очир, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал, "Монсуль" ХХК-ийн Говь-Алтай салбарын дарга Ч.Жаргалсайхан, Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн багш Г.Ням-Осор нар уригдан оролцов. Тэд өсвөр үеийн хөвгүүдэд хувь хүний хөгжил, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн боловсрол, мэргэжил сонголт эх оронч үзлийг төлөвшүүлэх талаар үнэтэй зөвлөмж хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.