“Ирээдүй-Алтай” холбооны ээлжит зургаадугаар их чуулган болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны ээлжит зургаадугаар их чуулган гуравдугаар сарын 19-нд боллоо.
Чуулганд тус аймгийн 18 сумын төлөөлөл 220 гаруй залуус, оюутан оролцож, аймгийнхаа боловсролын чанар, залуучуудын эрүүл мэндийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, ажлын байрны хомсдолын талаар санал, бодлоо хуваалцаж, холбооны зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.
“Ирээдүй-Алтай” холбооны тэргүүн М.Өлзийбат 2018-2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй тайлагнаж, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл, “Цагийн зөрүү” залуус хөгжлийн форум, “Түүчээ залуус” төсөл, ажлын байрны өдөрлөг зэрэг ТОП-10 ажлаа танилцуулсан юм.
Өнгөрсөн хоёр жилд цар тахлын нөхцөл байдал холбооны үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сааруулсан ч “Infinite Altai” цахим цуврал контент, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж, Монголын Оюутны холбооноос 2021 оны орон нутгийн шилдэг холбоогоор шалгаруулсан гэдгийг чуулганы үеэр онцлон танилцуулсан тухай тус холбооноос мэдээлэв. Мөн үеэр “Ирээдүй-Алтай” холбооны бодлогын хорооны гишүүн, ХААН банкны салбарын захирал, илтгэгч М.Батбаяр, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар илтгэл тавьж, бусдыг шүүмжлэхийн оронд, өөрийгөө хөгжүүлж, өөрсдөө манлайлахыг уриалав.