Аж үйлдвэрийн сэргэлт: Соёлын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн
засгийн чуулган-2022” форумын өмнө болж
буй “Аж үйлдвэрийн сэргэлт” өнөөдрийн хэлэлцүүлэг үдээс хойш “Шинэ сэргэлтийн
бодлого: Аялал жуулчлал” болон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвээр тус тус
үргэлжиллээ. Аялал жуулчлалын хэлэлцүүлэгт оролцогч нар цахим виз олголтыг
сэргээн хэрэгжүүлэх, гадаад дахь Монгол Улсын сурталчилгаа нэг имижтэй байх,
түүнийг өөрчлөхгүй байх, Монголд болж буй гадаад, дотоодын болон олон улсын
хуралд ирж буй төлөөлөгч нар хамгийн их орлого оруулдаг тул бизнесийн аялал
жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах зэрэг зүйлийг онцолж байв.
Энэ талаар БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ санал нэг байгаагаа илэрхийлж, орон нутгийн аялал жуулчлалыг
Хустайн нурууны байгалийн газрын жишгээр хөгжүүлэх, агаарын тээврийн салбарт
давамгай байдал үүсгэхгүйгээр гадаад, дотоодын бусад авиакомпанийг нэвтрүүлэх
замаар өрсөлдөөнийг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийг үеэр ирэх сарын 4-нд “Аялал жуулчлалын Үндэсний чуулган”-ыг гадаад улс орнуудад суугаа ЭСЯ-дтай хамтран зохион байгуулах талаар БОАЖ-ын сайд мэдэгдлээ.
Түүнчлэн энэ онд манай улсад зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг 36 үйл ажиллагаа болох аж.
Мөн
“Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, “Гэгээ муза” олон улсын театрын наадам, сонгодог урлагийн
олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз
Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам
зэрэг 14 үйл ажиллагааг төлөвлөжээ. Мөн спортын
“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян,
Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулах аж.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэгт Соёлын сайд Ч.Номин тавьсан илтгэлдээ, уран бүтээлчид нэг дор цуглан бүтээлээ туурвиж байх төв байгуулах талаар дурдлаа. Тэрээр хэлэхдээ, “Бид суурь судалгаа хийсэн. Уран зохиол, хувцас загвар, архитектур, дизайн зэрэг соёлын олон нэр төрлийн салбар соёлын бүтээлч үйлдвэрлэлд багтдаг. "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн баримт бичигт манай улсын хамгийн их анхаарах 6 чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэл багтсан”-ыг онцлов. “Бид хувь уран бүтээлчдийн хааб буюу богино, дунд болон урт хугацааны кластер бий болгоно. Агуулга үйлдвэрлэлийн болон түгээлтийн дэд системүүд байгуулна. Өргөн цар хүрээнд, олон хүний хөдөлмөр хорших шаардлагатай.
Уран бүтээлчид нэг дор цуглан, уран бүтээлээ хамтран
хийснээр зардлаа хэмнэнэ. Тоног төхөөрөмжөө түрээслэх замаар өртгөө бууруулах
боломжтой. Санхүү, хөрөнгө оруулалтын орчин их чухал. Өнөөдрийг хүртэл соёлын
салбар улсын төсвийн татаасаар амьдарч байна. Дэмжлэг үзүүлэх төлөвлөлтөө бид гаргасан. Жишээ нь, ном товхимлын салбарт хөрөнгө оруулалт
шаардлагатай. Номоо хэвлэсний дараах борлуулалтын орлогоороо санхүүжилтээ нөхөж
болно. Манай улсад нийт 470 мянган соёлын өв бий. Эдгээрийг бүгдийг
бүртгэлжүүлнэ. Дотоод, гадаадад соёл урлагийг таниулсан, сурталчилгааг нэг өнгө
төрхтэйгөөр хийнэ” гэв.