Вакцинжуулалтын ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Гамшгийн сангаас гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан болж, шүлхий өвчнөөс урьдчилан сэгийлэх дархлаажуулалтын аян зохион байгуулах талаар санал солилцов.
Хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, Ш.Насан, Онцгой байдлын газрын дарга Л.Баянбаатар болон албаны холбогдох удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар аймгийн хэмжээнд шүлхий өвчний гаралтыг хязгаарлан ногоон бүс болсон ололтыг бататгах, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа дархлаажуулалтын аяны зохион байгуулалтыг хэлэлцэн баталлаа.
Аяны хүрээнд аймгийн хэмжээнд 70,0 гаруй мянган үхэр, 400 гаруй гахайг шүлхийн вакцинд бүрэн хамруулах ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө дуусгахыг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болголоо. Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Гамшгийн сангаас гаргах ажээ.
Шүлхийн вакцинжуулалт орон даяар энэ сарын 18-25-ныг хүртэл явагдах тул үхэр болон гахайн аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа сумынхаа ЗДТГ-ын Мал эмнэлгийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдон вакцинжуулалтад хамрагдах дэлгэрэнгүй мэдээлэл авахыг уриалав.