Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд 60 гаруй мянган иргэн хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриатай хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нээс эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас тавдугаар сарын 1-нд үзлэг, шинжилгээний нээлтийг Амаржих газар буюу Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгуулсан юм.
Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээ оношилгоог зургаан насны ангиллаар тодруулбал, 0-5, 6-17, 18-30, 31-45 нас, 46-60, 61-ээс дээш насныханд зургаан багцийн үзлэг, шинжилгээ хийх юм. Энэхүү үзлэг, шинжилгээгээр халдварт болон хавдрын өвчлөлийн эрт илрүүлгүүд давхар хийгдэхээр онцлогтой аж.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс энэхүү үзлэг, шинжилгээг зохион байгуулах ажилд хүний нөөц болон тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг бэлтгэн ханган ийнхүү амжилттай эхлүүлээд байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв. Тус аймгийн хэмжээнд зургаан багц шинжилгээнд хамрагдах 60 гаруй мянган иргэн байгаа ба үүнээс 0-5 насны 11873, 6-17 насны 20766, 18-30 насны 11873, 31-45 насанд 12390, 46-60 насанд 9446, 61-ээс дээш насанд 4012 иргэн үзлэг, шинжилгээнд хамрагдах тоо гарсан тухай аймгийн ЭМГ-аас танилцуулсан юм.
Иргэд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалаа төлсөн, харьяа өрхийн Эрүүл мэндийн төвөөсөө урилга хүлээн авсан бол үзлэг, шинжилгээнд хамрагдах аж. Шинжилгээнд хамрагдах урилгыг батлагдсан хуваарийн дагуу тухайн иргэний төрсөн сараас хамааран харьяа ЭМТ-өөс олгох юм.