"АмЧам Монгол"-ын уулзалтад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/ маргааш "Туушин" зочид буудалд УИХ-ын гишүүн бөгөөд "АмЧам Монгол"-ын хүндэт гишүүн Д.Цогтбаатартай уулзалт зохион байгуулах болжээ.
АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг "АмЧам Монгол" нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар юм. Уг байгууллага гишүүдтэйгээ тогтмол уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт хүндэт зочноор уригдан оролцох аж.
Уулзалтад "АмЧам Монгол"-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох ба уулзалтын үеэр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бизнесийн салбарыг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцаж зочин илтгэгчтэй асуулт, хариулт өрнүүлэх юм байна.
Н.Туяа