Эрүүл мэндийн салбарын стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр" төслөөс эрүүл мэндийн салбарын стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх сургалт Алтай хотноо болж байна.
Сургалтад аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтан нийт 60 гаруй алба хаагч оролцож байгаа юм. Сургалтын үйл ажиллагаа 5 өдөр үргэлжлэх бөгөөд эхний хоёр өдөр танхимын сургалт орох бол дараагийн өдрүүдэд ажлын байран дээрх дадлага хэлбэрээр зохион байгуулж буй ажээ.
Хууль эрх зүйн орчны үйл явц, Стратегийн худалдан авалт, Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн аргын нэмэлт өөрчлөлтүүд, Төлбөртэй тусламж, үйлчилгээний зохицуулалт, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын танилцуулга, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт, төлбөрийн арга гэх мэт сэдвийн хүрээнд танхимын сургалт үргэлжилнэ хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулав.