Б.Лхагвасүрэн: Банкнууд IPO гаргах бизнес төлөвлөгөө, бичиг баримтаа ирүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 17:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд энэ оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Гэвч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэл дагуулж болзошгүй байгаа аж. Иймд банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг нэг жилээр сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн хугацааг сунгах гол үндэслэл юу болохоыг төсөл санаачлагч болон ажлын багийн гишүүдээс асууж байлаа.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, "Системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд банкнууд бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байгаа. Хамгийн сүүлийн санхүүгийн тайлан дөрөвдүгээр сард бэлэн болж дэлхийн компаниудаар аудит хийлгэсэн. Тайлан нь дөрөвдүгээр сард бэлэн болж IPO хийх дараагийн зөвшөөрлийг авахаар хоёр банк хүсэлтээ өгчихсөн, үлдсэн гурван банк нь хүсэлт өгөх байх. Ингээд хуулийн явахад ирэх сарын 30-наас өмнө амжихгүй болоод байгаа" хэмээв.


Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

相关新闻