Хаврын үр тарианы тариалалт 74.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-31 21:28:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтай танилцлаа.


Энэ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хаврын тариалалтын явцын талаар танилцууллаа. Тэрбээр, хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 288.8 мянган га-д үр тариа, үүнээс 283.9 мянган га-д улаанбуудай, 9.3 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 3.5 мянган га-д малын тэжээл, 32.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 74.7 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 78.3 хувь, тосны ургамлын тариалалт 49.0 хувь, төмс 54.1 хувь, хүнсний ногоо 40.2 хувьтай байна.


Хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 256 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тн улаанбуудайн үр, 34 аж ахуйн нэгжид 1.0 мянган тн тэжээлийн таримлын үрийг 30 хувийн урьдчилгаатай, 187 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 83 аж ахуйн нэгж иргэнд 889 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгожээ.


Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 50 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон, Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан тариалан бүхий 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна хэмээн танилцууллаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, иргэдийг чанартай, баталгаатай хүнсээр хангахад анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн үндсэн төлөвлөлтийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн тооцооллыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, мөн Төсвийн тухай хуультай уялдуулах шаардлагатайг тэмдэглэв.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэд Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэхээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй 3 хувийн хүүтэй зээлийг дэмжиж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг уламжлав.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Уг тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ажиллаж байна.

相关新闻