Дамжуулан зээлсэн зээлийн 47 хувь нь эргэн төлөгдөөгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-08 17:32:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх аудитын тайланг сонсов.


Уг тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох” гэж заасан боловч УИХ-аас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, зорилттой уялдуулсан гадаад зээлийн талаар баримтлах бодлогыг батлаагүй байгааг дүгнэлтэд дурджээ. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төслийг хэрэгжүүлэхдээ гадаад зээл, тусламжийг түлхүү ашиглаж байгаа нь өрийн ачааллыг нэмж буй тул санхүүжилтийн бусад эх үүсвэр ашиглах бодит шаардлага бий болсон байна.  Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаагүй 30 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй төслийг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан шаардлага хэрэгжихгүй байгааг дурджээ.


Мөн Засгийн газрын шугамаар шинээр авах зээл нь гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх хүсэлт илгээхэд төслийн баримт бичгийг ямар түвшинд боловсруулсан байх, техник, эдийн засгийн үндэслэлийг төслийн аль үе шатанд хийх, баримт бичгийн үнэлгээг хэрхэн хийх талаарх хуульд нийцсэн аргачлал байхгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлага хангасан эсэх дүгнэлтийг Сангийн яам гаргадаггүй байна. Энэ нь төслийн хэрэгжилт удааширч, үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”-ын 4.2, 4.9, 4.10, 4.11-т заасныг мөрддөггүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүйгээс нийт дотоодод дамжуулан зээлсэн зээлийн 47  хувь нь эргэн төлөгдөөгүй байна. Энэ нь улсын төсөвт ачаалал үүсгэж байгаа аж. Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг үндэслэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар 2018-2019 онд хандивлагч орон, олон улсын байгууллагаас нийт 882.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авсан бол 2020 онд түүнээс 2.2 дахин их буюу 1.9 тэрбум төгрөгийн зээл авч ашиглажээ. Гадаад зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа өнөө үед улсын төсвөөс зарцуулах нийгмийн халамжийн зардал өсөж, төсвийн үр ашиг урт болон дунд хугацаанд буурч байна гэж дүгнэлтэд дурдсан байлаа.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд буурсан боловч 2021 оны эхний улирлын байдлаар өсөх хандлага ажиглагдаж, эдийн засаг сэргэж гадаад валютын эрэлтийг өсгөж, төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрдэж байгаа үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгаар зөрчигдөх, гадаад валютын эсрэг төгрөгийн ханш 5 хувь сулрахад өрийн үйлчилгээний зардал 2021-2025 оны хооронд 309.3 тэрбум, 10 хувь сулрахад 618.5 тэрбум төгрөгийн бодит ханшийн алдагдал хүлээх, төсвийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй тул зээлийг үр ашигтай зарцуулах нь чухал байна. Гадаад тусламжаар хэрэгжүүлж байгаа 29 төслийг төсвийн багцад тусгаагүйгээс ашиглалтын дүнг бүртгэдэггүй, тайлагнадаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэггүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс төслийг давхар санхүүжүүлэх эрсдэлтэй байна. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-т заасны дагуу Сангийн яам мэдээлэх чиг үүрэгтэй боловч зээл, тусламжийн ашиглалтын мэдээллийг бүрэн байршуулаагүй, 2018-2020 оны байдлаар 3,024.8 тэрбум төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг мэдээлээгүй, иргэд, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоогүй байна. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, дүн тогтмол өсөж, Сангийн яамны гүйцэтгэх ажлын цар хүрээ нэмэгдсэн боловч тус яамны орон тоо дээд хязгаартаа хүрээгүй, дутуу, төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилт, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, бодлого боловсруулах, шинэ зохицуулалтыг санаачлах, хэрэгжүүлэх зэрэг амны хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд зөвлөх авч, өндөр зардлаар гүйцэтгүүлснээр зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт зардал нь цалингийн зардлаас 1.5 дахин өндөр байгаагаас үзэхэд гадаад зээлийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үрэлгэн зарцуулж байна гэж уг дүгнэлтэд дурдсан байлаа.  


Аудитын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Х.Баделхан, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гадаадын зээл тусламжийн ашиглалт, түүний үр өгөөжийг сайжруулах, гэрээний эрх зүйг хангуулах асуудлыг онцгой авч үзэх цаг болсныг тодотгоод аудитын байгууллагаар хийлгэсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил болгоход бид анхаарч ажиллах, эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулж, боловсронгүй болгох шаардлагатай байна гэв.   


Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнд хяналт тавих нь чухал гэдгийг онцлоод холбогдох Байнгын хороод чиг үүргийн хүрээнд харьяалагдах салбаруудад хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн үр дүнгийн талаар хяналт тавьж,  аудитын дүгнэлтийг сонсдог болох шаардлагатай байна гэв. Мөн тэрбээр, бид цаашдаа үр дүн тааруу зээл, тусламжаас татгалзаж сурах нь зүйтэйг онцлоод Үндэсний аудитын газраас энэ чиглэлийн зээл, тусламжийг авахгүй байхад анхааруулах гэсэн тусгай зөвлөмжийг Улсын Их Хурал, Төсвийн байнгын хороонд гаргаж өгөх хэрэгтэй гэсэн саналтай байлаа. 


Гишүүд дамжуулан зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй нийт 73 төслийн зээлийн 47 хувь эргэн төлөгдөөгүй байгаа шалтгаан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын талаар лавлахын зэрэгцээ Сангийн яам зээлийн эргэн төлөлтийг сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлыг тодруулав.


Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, төрийн өмчит компаниуд 969.6 тэрбум, яамд 887,6 тэрбум, Улаанбаатар хот болон нийслэлтэй холбоотой байгууллагуудад 486.6 тэрбум, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгууд 195,6 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.7 тэрбум, Төв банк 37.5 тэрбум, арилжааны банкууд дээр 14.8 тэрбум, орон нутгийн өмчит компаниуд 12.2 тэрбум, бусад 320 гээд нийтдээ 3.1 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн өрийн үлдэгдэлтэй байна гэж байлаа. Мөн тэрбээр Сангийн яам сүүлийн жилүүдэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад эрчимтэй ажиллаж байгааг оцнлоод Сангийн сайдын тушаалаар баталсан дамжуулан зээл олгох журамд  зээл авахын өмнө эргэн төлөх чадварт эрсдэлийн үнэлгээ хийгээд үүнийгээ Үндэсний аудитын газарт явуулж хянуулж, баталгаажуулдаг болсноор багагүй дэвшил гарсан гэв. 


Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, тайлан мэдээллийг сонсоод өнгөрөх бус энэ нь гадаадын зээл, тусламжийн эргэн төлөлт, хяналт, бүртгэл, холбоотой чухал асуудал тул Үндэсний аудитын газрын тайланг үндэслэн гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлэхээ мэдэгдлээ.

相关新闻