Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн боловсруулсан тогтоол хүнсний салбарыг сэргээх ХӨШҮҮРЭГ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн боловсруулж, өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.
Уг тогтоолыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон УИХ-ын гишүүд хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилт тавьж, 60 гаруй зүйлтэй тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудад үүрэг өгсөн таван жилийн ажлын төлөвлөгөөг мөн баталжээ. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, хангамжаа сайжруулах том алхам хийх боложм бүрдэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцлов.
Тэрбээр, “Тогтоолыг бүрэн хэрэгжүүлснээр хүнсний аюулгүй байдлын асуудлаа шийдвэрлэнэ. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан эрхлэгч, эрдэмтэн, судлаач нар гол гурван асуудал тавьдаг. Нэгдүгээрт, эрх зүйн орчин. Ялангуяа газрын харилцаатай холбоотой, салбарын хууль, тогтоомжтой холбоотой асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэх зохицуулалтыг тогтоолд тусгалаа. Хоёрдугаарт, тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, 1.7 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс шийдвэрлэх болж байна. Энэ бол хүнсний салбарыг сэргээх үндсэн хөшүүрэг болно. Гуравдугаарт, энэ салбарын техник, технологийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг мөн тогтоолд тусгалаа. Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах хүрээнд хүнсний салбарын байгууллагууд, лабораториудын ажилтай танилцсан. Энэ үеэр салбарынханы хэлсэн саналыг ч тогтоолд тусгаж баталлаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ЕТГ, УИХ, Засгийн газраас эхлээд монголчууд бүгд хүчээ нэгтгэх ёстой” хэмээв.
“КОВИД-19” цар тахал, геополитикийн асуудал нь хүнсээ дотоодоос хангах зайлшгүй шаардлагатай гэдгийг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд ойлгуулсан хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун дурдлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд технолгийг шинэчлэх, ажлын байр бий болгох, импортын татвар зэргээс эхлээд санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн олон хууль, тогтоолыг УИХ батална гэдгийг мөн онцолсон юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан уг тогтоол удирдлага, зохион байгуулалт, салбарын эрх зүйн орчин, хүнс үйлдвэрлэл зэрэг үндсэн зургаан зорилттой. Тогтоолд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийг ямар эх үүсвэрээс гаргахыг УИХ-аас нарийвчлан шийдвэрхлэсэн бөгөөд үүнийг ЕТГ, Засгийн газар, ХХААХҮЯ хамтран тооцоолсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ. Тогтоолд тусгасан хамгийн том зохицуулалт нь Хүнс, хөдөө аж ахуйн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулахаар тусгасан байна. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинд бий болсон доголдлыг арилгах “малгай хууль” болно гэдгийг дурдлаа.
Тэрбээр, “Хүнсний хувьсгал хийхэд өрх бүр үйлдвэрлэгч байх нь чухал. Ялангуяа тариаланчдыг түлхүү дэмжих асуудлыг нарийн тусгалаа. Мөн таван ижлийн хугацаанд малыг бүрэн эрүүлжүүлэх, эрсдэлээс сэргийлэх биотехнологийн үйлдвэртэй болох том зорилт орсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ манлайлан ажиллах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хууль хэрэгжиж байгаа. Гэхдээ хоол үйлдвэрлэлд нийлүүлж байгаа мах, ногоо болон бусад бүтээгдэхүүний хангамж тодорхойгүй байгаа. Харин энэ тогтоолд хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хангамж, нийлүүлэлт, чанарт нь хяналт тавих бүлэг орсон нь том дэвшил боллоо. Нөгөө талаасаа малын вакциныг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг тусгасан. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл залуужиж, орон нутагт эрс нэмэгдэж байгаа нь малын эрүүл ахуйтай холбоотой асуудал. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь чухал юм” гэв.