“Монголын язгуур, эрүүгийн эрх зүйн нүүдэл” ном олны хүртээл болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУЕПГ-ын хяналтын прокурор Р.Мөнхтариа өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар бичсэн “Монголын язгуур, эрүүгийн эрх зүйн нүүдэл” номынхоо нээлтийг хийлээ.
Энэхүү номыг Ардын хувьсгалын дараах нийгмийн хөгжлийн үе шатуудад хувьсгалт хууль ёсыг хөсөрдүүлэн, гажуудуулж, улс төрийн төрийн хилмэгдүүлэлтийг хийсэн тухай баримтад түшиглэж бичсэн хэмээн Р.Мөнхтариа нээлтийн үеэр онцлов.
Мөн тэрбээр номондоо Монгол Улсын төр эрх зүйн нэгэн хэсэг болсон Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хууль тогтоомжийн гарал үүсэл, түүхэн замаар хэрхэн “нүүдэллэж” ирснийг дурьдсан байна.
Номын нээлтэд Ардын уран зохиолч МУСГЗ, яруу найрагч Т. Галсан, МУСГЗ зохиолч яруу найрагч С.Оюун, Сэтгүүлч яруу найрагч зохиолч Ж. Сарантуяа, Монгол Улсын гавьяат багш, ХЗШУ-ны доктор, Улаанбаатар эрдэм дээд сургуулийн захирал Ж.Дашням нар зочноор хүрэлцэн ирсэн юм.
“Монголын язгуур, эрүүгийн эрх зүйн нүүдэл” ном нь хууль зүйн салбарын хөгжилд түлхэц үзүүлэхүйц эх сурвалж болж буй төдийгүй, арга замуудыг нь нарийн тодорхой тусгаж чадсан бүтээл болсон гэдгийг нээлтэд оролцсон хүмүүс онцолж байлаа.
УЕПГ-ын хяналтын прокурор Р. Мөнхтариа өмнө нь ”Дээж бичиг”, “Галын бурхан”, “Халхын голд залуу насаа дурсана”, “Буруу сэрсэн зүүд” зэрэг бүтээлээ олны хүртээл болгосон билээ.
М.Дайриймаа