Улаанбаатарт Энэтхэг, Монголын хамтарсан сургууль байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Сүреш Бабу “Юуны өмнө Улаанбаатар хотын даргаар сонгогдсонд баяр хүргэе. БНЭУ-ын ЭСЯ-наас Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Өнгөрсөн онд манай улсын Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт төрийн айлчлал хийж, Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон. Энэ хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг англи хэл, мэдээллийн технологи, санхүү, удирдлагын чиглэлээр сургалтад хамруулах боломжтой” гэлээ. Мөн Улаанбаатарын Махатма Гандийн гудамжийг тохижуулах, Энэтхэг Улсад болох соёлын арга хэмжээнд уран бүтээлчдээ оролцуулах, хоёр улсын хамтарсан сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Элчин сайд хүслээ.
Уг санал, хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.
Д.Өлзий