Замын зураг төслүүдийг нэг бүрчлэн шалгахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-15 18:57:30

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит Шуурхай хурлаа өнөөдөр хийж, зам, тээврийн салбарт тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг онцлон авч хэлэлцжээ.

Олон улсын мэргэшсэн жолоочийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг судлахыг холбогдох газруудад сайд Д.Ганбат үүрэг болголоо. Мөн ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахад зориулж, ургац хураалтын зам, тээвэр, гүүр, замыг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоох, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, засварын ажлыг гүйцэтгэх үүргийг өглөө. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх хүрээнд санаачлагатай ажиллаж, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл хамтран дээрх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Тус шуурхай хуралдааны үеэр ЗТХ-ийн сайд Д.Ганбат замын чанарын асуудлыг онцлоод алдаатай зураг төсөл хийгдсэн, стандарт, шаардлага хангахгүй гүйцэтгэсэн зэргийг нэг бүрчлэн шалгаж танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов. Ингэхдээ алдаа гаргасан, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байна.

Н.Туяа

相关新闻