Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-22 16:48:15

“Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Наймдугаар сарын 15 гарангуут л хичээл сургуулийн бэлтгэл хангах их үүрэг эцэг эхчүүдийн нуруун дээр ирдэг. Цэцэрлэгүүд багачуудаа авахаар бүртгэлээ эхлүүлж, оюутан, сурагчид үзэсгэлэн худалдааг зорьж хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базааж  байна.  Өнгөрсөн жилүүдэд бичиг хэргийн худалдаан дээр олон хүн бужигнаад сонголт хийхэд хүндрэл бэрхшээл тохиолддог байсан бол энэ удаагийн үзэсгэлэн хөл хөдөлгөөн багатай байв.

Тус үзэсгэлэнд бичиг хэргийн компаниудаас гадна хувиараа бизнес эрхлэгчид оролцож байна. Энэ үеэр үзэсгэлэнд оролцогчидтой уулзаж, бүтээгдэхүүний үнэ тарифыг сонирхов.

Хувиараа бизнес эрхлэгч Г.Лхагвадулам, Би хичээлийн хэрэгсэлийн үзэсгэлэн худалдаанд  тогтмол оролцдог. Чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулах зорилт тавьж байна. 10 жилийн сурагч, оюутан залууст хэрэгцээтэй бүхий л төрлийн хичээлийн хэрэгслүүдийг бөөний үнээр худалдаалж байна. Тухайбал, Өнгийн харандаа 12 өнгөтэй нь 1500-5000, Баримлын шавар 2000-5000, гуаш 2500-8000, цавуу 500-1500, баллуур 300-1000 төгрөгийн үнэтэй байна. Мөн зургийн дэвтэр 12 хуудастай нь 800, усан будаг 2000-5000,  харандаа 300-500,  12 хуудастай дэвтэр 150, 24 хуудас 260, 32 хуудас-350  гэх мэт үнэтэй байна.

“Их соёл” компаний ажилтан Д.Борхүү,  “Манай компани байгуулагдаад найман жил болж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад дэвтрийн үнэ өсөөгүй. Гэхдээ юанийн ханш өссөнтэй холбоотойгоор бусад барааны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн

Мөн үеэр худалдан авагчдын сэтгэгдэлийг хуваалцлаа.

Иргэн Д.Алтанцэцэг, Ер нь үнийн хувьд хямд гэж хэлж чадахгүй. Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байгаа гээд ирсэн боловч ихэвчлэн хувцас худалдаалж байна. Хичээлийн хэрэгсэл худалдаалж байгаа хэдхэн газар л харагдаж байна. Нэгдсэн зохион байгуулалттай болж байгаа учраас илүү төрөлжүүлэх хэрэгтэй санагдлаа.

Иргэн Г.Мөнхбаяр,  Өнөөдөр цэцэрлэгт  хүүхдээ бүртгүүлчээд  хичээлийн хэрэгсэлийг нь бэлдэж байна. Би саяхан Бөмбөгөр худалдааны төв орж сургуулийн насны хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авсан. Энд Бөмбөгөр төвийн ханшнаас бага зэрэг өндөр байна. Жишээлбэл үзэг харандааны сав,  зургийн дэвтэр,  өнгийн харандаа, гуаш  зэрэг нь арай илүү үнэтэй байна.

Сурагчийн дүрэмт хувцасыг “Төмөр трейд” болон “Батзүү” компани борлуулж байсан юм. Үнийн хувьд бага анги- 80400, дунд анги- 98500 үнэтэй байгаа бол ахлах анги нь 120 мянга 200 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Уг үзэсгэлэн ирэх сарын 4-ыг хүртэл үргэлжлэх юм.

М.Дайриймаа

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻