“Дөрвөн цагийн хангай” үзэсгэлэнд 27 зураачийн 100 гаруй уран зургийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арын сайхан хангай нутаг, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Бэлгэ хааны цогцолбор, Суварга хайрхан уулс зэрэг байгалийн өнгө төрх, ард иргэдийн ахуй амьдралыг илтгэсэн уран зургийн үзэсгэлэн олны хүртээл боллоо.
“Дөрвөн цагийн хангай” үзэсгэлэнд 27
зураачийн 100 гаруй уран зургийг дэлгэжээ. Уран бүтээлчид нэг
жилийн хугацаанд Архангай аймагт таван удаа зочилж дөрвөн
улирлын өнгө, хүн зоны ахуй амьдрал, түүх, соёлын дурсгалууд, эх орныхоо гоо
үзэмжийг дүрслэх урлагийн хэлээр өгүүлэхийг зорьсон бүтээлүүдээ дэлгэжээ. Тухайлбал, Архангай аймгийн Тариат
сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрладаг Тэрхийн цагаан нуур 16 км урт, 20
метр гүн, цэнгэг урсгалтай нуур юм. Энэ нуур 9000 орчим жилийн настай гэж
судлаачид үздэг. Тиймээс Хорго-Тэрхийн цагаан нуурын Байгалийн цогцолбор газар нийт 76893 га талбайг эзэлнэ. Харин Цэнхэр сумын нутагт оршдог Суварга хайрхан уул Төрийн тахилгатай
уулын нэг юм. Энэ мэт байгалийн цор ганц дүрслэл нь дотоодын болон гадаадын аялагч
жуулчдын дуранд хамгийн их буудаг байна. Тиймээс байгалийн бартаа саадыг онцолж
уран зурагтаа буулгаснаа зураачид тодотгов.
СГЗ, зураач П.Цэгмид хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнд гурван
том бүтээлийнхээ эскизийг дэлгэж байна. Энэ бол ирээдүйд миний бүтээлүүд болж
амилах юм. Архангай гэдэг хангайн сэдвээр олон ажил хийх бодолтой байна” гэв.
“Дөрвөн цагийн хангай” төслийн анхны үр дүн
ийнхүү уран бүтээлчдийн энэ удаагийн үзэсгэлэнгээр олны хүртээл болгов. Тиймээс
зөвхөн Архангай нутгийн байгалийн үзэсгэлэнт тогтцыг уран зургийн бүтээлээр
туурвихаас гадна монгол орны байгалийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх
зорилготой юм.
Ирэх жил тус аймгийн 100 жилийн ой тохионо. Ойн хүрээнд
хийж буй томоохон ажлын нэг нь энэхүү төсөл гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Үзэсгэлэн 11 дүгээр сарын 10-нийг хүртэл Корпорэйт арт галерейд үргэлжилнэ.