М.Санжаадорж: Төсвийн хөрөнгө оруулалт 58 хувиар нэмэгдсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2023 оны төсөвт орлогыг нэмж тооцсон ч зарлагыг нэмээгүй тул нийт тэнцэл 2.6 хувиар багассан онцлогтойг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж мэдээлэв.
Тодруулбал,
төсвийн нийт орлого 19,722.3 их наяд, зарлага 20,475.3 их наяд гэж тооцсон бол
тэнцвэржүүлсэн орлого 19,049.6 их наяд төгрөг байгаа нь 127 тэрбум төгрөгөөр
нэмэгджээ.
Тэрбээр, ярихдаа,
“Төсвийн ерөнхийлөн захирагч болон улсын төсвийн бүх байгууллагын зардлыг 94.5
тэрбум, нийт хөрөнгийн зардлыг 7.1 тэрбум төгрөгөөр багасгасан. Гэр хорооллын
айл өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлтөд 33.6, “Элэг бүтэн Монгол”
хөтөлбөрт 13.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Төсвийн алдагдал 2020 онд 4.4
их наяд, 2021 онд 2.9 их наяд байсан. Энэ онд 2.4 их наяд, 2023 онд 1.4 их наяд
гэж багасгаж тооцсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2022 оныхоос 58 хувиар
нэмэгдээд байгаа” гэлээ.
Мөн хот хөдөөгийн
тэнцвэртэй байдлыг хангах үүднээс төрийн албан хаагчдад орон сууцны зэрэг хөнгөлөлттэй
зээл олгох, шилжихэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэгт анхаарсныг
төсвийн талаар танилцуулах үеэрээ дурдав.
Түүнчлэн, Улаанбаатар
хотын түгжрэлийг шийдэхэд автобусны парк шинэчлэлд 318 тэрбум, нийтийн тээврийн
автопаркыг сайжруулахад 45 тэрбум төгрөг зарцуулж, хүүхдийн мөнгийг 1 сая
хүүхдэд олгож, чинээлэг өрхийн 18 нас хүртэлх хүүхдийг хамруулахгүй, мөн ирэх
онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй ч 7.9 их наяд төгрөгөөр эхлүүлээд дуусаагүй
1141 төслийг үргэлжлүүлэх аж.