Монгол Алтайн хадны зургийн цогцолбор газрын дурсгалуудаас толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар”
аяны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт
газрын сор болсон сэдэв зохиомж, дүр дүрслэл, загвараар өвөрмөц онцлогтой дүрслэлүүдээс
сонгон
дэлгэжээ.
Үзэсгэлэнгээс ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор зэрэг газрын хадны зургуудаас дээжлэн 90 орчим зургийн 1:1 хэмжээтэй гэрэл ба гар зургийг үзэх боломжтой.
Монгол Алтайн хадны зураг нь дүр дүрслэл, сэдэв зохиомж агуулга, тоо хэмжээгээр дэлхийд хосгүй үнэт дурсгалууд юм. Тус үзэсгэлэнд хадны зургийг хадан дээрх хэмжээгээр нь буюу 1:1 харьцаатай үзэгч олны хүртээл болгож буйгаараа онцлогтой.
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын
хамгаалалтын захиргааны дарга, түүхийн ухааны доктор Б.Өмирбек хэлэхдээ, “Үзэсгэлэн
гаргах бэлтгэл ажлыг жилийн өмнөөс хийсэн. Монгол Алтайн хадны зургийг хүн бүр
очиж үзэж чадахгүй учир гадаад дотоодын жуулчид, эрдэмтэн судлаачдад ойртуулахаар
2000 км-ийн цаанаас хүрэлцэн ирж энэхүү үзэсгэлэнг дэлгээд байна. Монгол Алтайн
хадны зураг бол дүр дүрслэл, сэдэв, зохиомж, утга агууламжаар нэн баялаг.
Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын Бигэр толгой хэмээх газрын хадан дээрх 1.80 см өргөн, 2.35 см урт хэмжээтэй хамгийн том зургийг хуулж авчирсан. Хамгийн жижиг нь 1.5 см хэмжээтэй зураг байна. Хадны
зургийг одоогоос 40 мянган жилийн тэртээ Монгол Алтайн хаданд сийлж дүрсэлсэн
байдаг. Хадан дээр ийм том болон жижиг хэмжээний зургийг дүрсэлнэ гэдэг тухайн
үед амьдарч байсан хүмүүсийн оюун санааны хөгжлийг илтгэн харуулдаг. Монгол Алтайн
хадны зургийн дүр дүрслэл, сэдэв зохиомжийн хувьд хилийн чанад дахь Орос,
Хятад, Казахстан болон Монголын бусад нутаг оронд байгаа хадны зургаас онцлогтой.
Монгол Алтайн хадны зураг Цагаан салаа, Арал толгой, Шивээт хайрхан зэрэг дурсгалт
газарт бий. Мөн 61 газраас том, жижиг хэмжээний хадны зураг, илэрц олдсон.
Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн
дурсгалт газар уртаашаа 15 км, өргөн нь 1 км үргэлжилнэ. Тус цогцолбор газарт
ойролцоогоор 60-70 мянга хүртэл зураг, 10 мянга орчим зохиомж байна хэмээн
тооцоолсон” гэв.
Энэхүү үзэсгэлэн дөрөв хоног олны хүртээл болно.