1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-08-25 14:48:39

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос санаачлан “1000 цүнх challenge” аяныг зохион байгуулж, өнөөдөр хаалтын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус холбооны 59 байгууллага хамтран Улаанбаатарын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийн 6-12 насны хүүхдүүдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэсэн юм.

Тус холбооны ерөнхийлөгч А.Алтансүх хэлэхдээ, “Эдгээр хүүхдүүдийг сонгохдоо нийслэлийн есөн дүүргийн хороодын нийгмийн ажилтнуудаас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн бүртгэлийг авч, үнэхээр эмзэг бүлэгт багтах айл эсэхийг нь гэрээр нь очиж үзсэн. Ингээд  сонгосон хүүхдүүддээ ваучер тараасан. Тэгэхээр хандив маань зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхэд эргэлзэх зүйлгүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед нийгэмд эерэг нөлөөлөл, үлгэр дуурайл бий болгох үүднээскомпаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдүүдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэхэд нь урам зориг өгч байгаад баяртай байна” гэв.

Цүнхэнд 2 төрлийн 10-20 ширхэг дэвтэр, дэвтрийн хавтас, зургийн дэвтэр, өнгийн цаас, өнгийн харандаа, финал, фломастер, гортиг, баримлын шавар, цаасны цавуу, хайч, баллуур, балын харандаа, тосон харандаа, үзэг, үзэгний запас, харандаа үзүүрлэгч, шугам багтжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻