Үндэсний төлбөрийн экосистемийг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад төлбөр тооцооны өртгийг багасгаж, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх үндэсний төлбөрийн экосистемийг шинэчиллээ.
Иргэдийн хувьд, ₮ карт нь зайнаас уншуулах EMV/ NFC
технологи бүхий чиптэй болж, нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг
хангасан карттай болж байна. Аж
ахуйн нэгж, байгууллагын хувьд дундын финтек компаниудыг ашиглаж төлбөр
тооцоогоо шийдэх боломжтой. Мөн
бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан 24/7 горимоор төлбөр дамжуулах
багцын гүйлгээний шинэ төрлийг нэвтрүүлжээ.
Монголбанк нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр банкууд,
финтек компаниуд, төлбөрийн
системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн
шинэчлэл” төслийн дүнд ийнхүү
манай улс төлбөр тооцооны системийн хувьд олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр
ярьдаг болж байна. Үндэсний төлбөрийн
экосистемийн үүрэг бол оролцогч талуудын санхүүгийн харилцааг найдвартай,
тасралтгүй, нууцлалтай, уян хатан, нэг хэлээр зохицуулах юм. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах
зээл, төрийн үйлчилгээ,
бизнесийн байгууллага зэрэг
оролцогч талууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг
багасаж, санхүүгийн салбарын
бүтээмж нэмэгдэхийг төв банк
мэдээллээ.
Монголбанкны
Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төлбөрийн
систем бол үндэсний аюулгүй байдалд хамааралтай дэд бүтэц буюу экосистем бөгөөд Монголбанк үндэсний
төлбөрийн системийг хөгжүүлэх хариуцлагатай үүргийг давхар хүлээдгийг
тэмдэглэв.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар ярихдаа, “Төслийн хүрээнд
стратегийн олон чухал систем шинээр нэвтрүүлж, хууль эрх зүй,
дэд бүтцийн экосистем бий болголоо. Төслийн хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологитой ₮ карт
гаргаж эхэлсэн бол төрийн халамж болон бусад гүйлгээний хурд, бэлэн бус төлбөр тооцооны
тоо нэмэгдэж, далд эдийн
засгийг багасгах замаар
Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж эхэлсэн. Төлбөр тооцоотой холбоотой оролцогч
талуудыг үндэсний төлбөрийн экосистем нэвтрүүлсэн шинэ боломжийг ашиглан улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж
байна” хэмээжээ.