Улсын нэгдсэн төсвийн орлого 30 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-18 08:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.3 (30 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.2 их наяд төгрөг болж, 4.5 (35.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцэст 18.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 979.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оныхоос 1.9 (66.5 хувь) их наяд төгрөгөөр багасав.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 12 дугаар сард 2.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (91.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.6 их наяд төгрөг болж, 1 (65.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


Татварын нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.3 (37.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 1.1 (38.1 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 740.9 (32.4 хувь) тэрбум, орлогын албан татварын орлого 620.7 (18.7 хувь) тэрбум, бусад төрлийн татварын орлого 1.4 (2.6 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын нийт орлого өнгөрсөн оны 12 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 (2.3 дахин) их наяд төгрөгөөр өсжээ. Татварын нийт орлогод 2022 оны эцсийн байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 6.7, нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.1 нэгж хувиар өсөж, харин орлогын албан татварынх 4.1, онцгой албан татварын орлогынх 1.9, нийгмийн даатгалын орлогынх 0.8 нэгж хувиар багассан байна.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.5 (16.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оныхоос 2.3 (33.5 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин бараа, үйлчилгээний зардал 940.6 (20 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өнгөрсөн онд өмнөх оныхоос 10.7, татаас 0.3 нэгж хувиар өсөж, бараа үйлчилгээний зардлынх 10.3, хүүгийн зардал 0.8 нэгж хувиар багасжээ. 


Хөрөнгийн зардал 2022 оны эцэст 3.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 830.9 (27.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Барилга байгууламжийн зардал өмнөх оныхоос 989.3 (51 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, харин тоног төхөөрөмжийн зардал 171.7 (41.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.


Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 онд 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 768.1 (28.1 хувь) тэрбум төгрөг, нийт зарлага 3.4 их наяд төгрөг болж, 872.9 (34.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 222.7 (22.2 хувь) тэрбум, нийт зарлага 1.5 их наяд төгрөг болж, 271.9 (22.6 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оныхоос 260.1 (23.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

相关新闻