А.Энхжин: Юанийн ханш чангарах нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөөс хамаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-19 08:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нэг юань өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар 512.28 төгрөгтэй тэнцэж байна. Юанийн ханш өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 7 хувиар чангарчээ.


Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжингээс тодруулав.

-Юанийн ханш юунаас болж өсөж байна вэ?

-Манай улсын хувьд валютын зах дээр ерөнхийдөө ам.долларын ханшийг эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчим дээр үндэслэн тогтоодог. Ам.доллароос бусад валютын монгол төгрөгтэй харьцах ханшийг тухайн валютын ам.доллартой харилцах ханшид ямар өөрчлөлт гарч буйг харгалзан үзэж авдаг. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш, сүүлийн саруудад юанийн ханш монгол төгрөгийн эсрэг чангараад байгаа нь цаанаа хоёр үндсэн шалтгаантай байна. Нэгдүгээрт, юань өөрөө ам.долларын эсрэг өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 7 гаруй хувиар чангарсан. Үүнээс шалтгаалан төгрөгийн эсрэг чангарах үзэгдэл гарсан. Хоёрдугаарт, БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор манай дотоодын зах зээл дээр юанийн эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.


-Цаашдаа юанийн ханш ямар байхаар төлөвтэй байна? Тогтворжих хандлага байна уу?

-Энэ нь нэгдүгээрт, БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт, нөхцөл байдлаас хамаарна. БНХАУ-ын өнгөрсөн оны IV улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн бусад чухал үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас сайн гараад байгаа. Энэ оны Хятадын эдийн засгийг АНУ-ын эдийн засагтай харьцуулахад харьцангуй гайгүй өсөлттэй байгаа. Үүнээс шалтгаалаад юанийн ханш өөрөө ам.долларын эсрэг чангарах магадлалтай байна. Энэ тохиолдолд мөн монгол төгрөгийн эсрэг чангарах боломжтой.


Манай улсын хувьд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 2023 онд харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна.


Гэхдээ нөгөө талдаа манай улсын хувьд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 2023 онд харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт бий. Энэ нь юунаас шалтгаалж байна гэхээр, нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц харьцангуй нэмэгдэж гарсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар болоод байгаа. Худалдааны тэнцэл нэлээн өндөр, ашигтай гарч экспорт анх удаа түүхэндээ 12.5 тэрбум ам.долларт хүрсэн. 


2023 оны хувьд БНХАУ эдийн засгаа нээчихлээ, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөж гарахаар байгаагийн цаана юу илэрхийлэгдэж байна гэхээр манай улсын хувьд ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ өндөр байх нь экспортод нөлөөлөхөөр байгаа. Энэ бүхнээс үзэхэд монгол төгрөг ам.долларын эсрэг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт үүсч байна.


2023 он дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх төлөвтэй. Гэхдээ улс орнуудын байдлыг харьцуулаад харахад БНХАУ-ын эдийн засаг 2022 оныхоо түвшнээс дээгүүр үзүүлэлттэй байх нь. Тиймээс юанийн ханш цаашид ямар байх нь Хятадын эдийн засгийн өөрийнх нь нөхцөл байдлаас хамаарахаар байна.


Тодруулга: Монголбанк валютын дуудлага худалдаагаар нэгдүгээр сарын 17-нд цахим талбарт 20 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Мөн нэгдүгээр сарын 12-нд 60 сая ам.доллар нийлүүлээд байна. Арилжааны банкуудаас своп болон форвард арилжаагаар санал ирүүлээгүй байна. 

相关新闻