Хэрэглээний сагс 25 бараа, үйлчилгээгээр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо (ҮСХ) инфляцийн түвшинг хэрэглээний сагсаар тооцон гаргадаг. Хэрэглээний үнийн индексийн сагсанд 12 бүлгийн 370 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээг тооцон авч үздэг байсан бол бүтэц нь 13 бүлгийн 410 бараа, үйлчилгээ болж нэмэгджээ.
Тодруулбал, улсын хэмжээнд 410, Улаанбаатар хотод 404 болж нэмэгдээд байна. Энэ талаар ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргалаас тодруулав. Тэрбээр, хэрэглээний үнийн индексийн сагсыг 5 жил тутамд шинэчлэн тооцох журамтай. Үүний дагуу ҮСХ өнгөрсөн оны 8 дугаар сараас шинэчилсэн. Үүнээс хойш цаашид сагсыг 3 жил тутамд шинэчлэн тооцохоор болсон гэв.
Шинэчлэгдсэн сагсанд хүргэлтийн үйлчилгээ, даатгал, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмж оржээ. Импортын барааны хувьд нарийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, дээрээс нь гэр ахуйн болон цахилгаан бараа, мөн эмийн нэр төрлийн бараа нэмэгджээ.
ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал, хэрэглээний бараа, үйлчилгээний сагс нь өрхийн хэрэглээнд хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүнд үнэ хэрхэн нөлөөлж буйг харуулдаг гол үзүүлэлт юм. Тийм учраас бид өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаан дээр үндэслэсэн байдлаар улирлаар өрхийн хэрэглээг гаргадаг. Тодруулбал, хэрэглээнд байгаа бүх бараа, бүтээгдэхүүнээ жагсааж байгаад үүний нийт зарлага нэг сая төгрөг гэж үзвэл түүндээ тухайн хүнсний барааны эзлэх хувийн жин хэдэн хувь байгаагаар жингүүдийг гаргаад, 0.2 хувиас дээш эзлэх жинтэй бүх бараа, үйлчилгээг сагсандаа оруулдаг хэмээн тайлбарлалаа.
Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь буюу 47 хувь нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна. Хүнсний бараа өрхийн хэрэглээний 25 хувийг дангаар эзэлжээ.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 960 мянган өрх байна. Нэг өрхөөр тооцон үзэхэд цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөгийн зардал гарах тооцоотой байна.
-Хэрэглээний сагсны бүтэц 25-35 бараа, үйлчилгээгээр нэмэгдэн өөрчлөгджээ. Энэ нь монголчуудын хэрэглээ, өрхийн хэрэглээнд өөрчлөлт орж байна гэж үзэж болох уу?
-Хэрэглээ хэр өөрчлөгдөж буйг сайн мэдэхгүй. Манайх хэрэглээний сагсаар, өрхийн судалгааг гаргадаг. Ковидын цар тахал эхэлсэн 2020 оны сүүл үеэс авч үзвэл өрхийн хэрэглээ өөрчлөгдсөн. Жишээ нь, зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлал зэрэг үйлчилгээнд үзүүлдэг зардал буюу хувийн жин нь багасаад, эмнэлгийн үйлчилгээ илүү нэмэгдэх зэргээр өөрчлөгдсөн. Тиймээс бид ОУВС болон бусад улс орны жишиг туршлагуудыг судалж үзээд цар тахалтай холбоотойгоор хэвийн болон хэвийн бус жилүүдийн буюу 2018-2019 оны дунджаар жингээ тооцон авч үзэн шинэчлэн гаргасан.
-Сар шинийн баяраар өрхийн
хэрэглээ, зардал хэр хэмжээгээр нэмэгддэг вэ?
-ҮСХ өрхөд суурилсан судалгаа явуулдаг. Тухайн судалгааныхаа үр дүнгээр бид цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөж байгаа өрхийн зардлын мэдээллийг гаргадаг. 2020-2022 онд монголчууд Сар шинийн баярыг ерөнхийдөө тэмдэглээгүй ирснийг та бүхэн мэдэж байгаа. Ковидоос хойш өнгөрсөн оноос тэмдэглэж эхэлсэн ч 2019 оных шигээ өргөн байгаагүй. Тиймээс өрхийн судалгааны дүн буурч гарсан. 2019 онд сар шинийн баярыг энгийн буюу хэвийн байдлаар тэмдэглэж байхад нэг өрх жилдээ 927.7 мянган төгрөг зарцуулж байсан бол 2020, 2021, 2022 оны цагаан сарыг тэмдэглээгүй үе (энэ хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байдлаар инфляцыг тооцон өсгөөд үзэхэд) болон 2023 онд нэг өрх 1.2 сая төгрөгөөр цагаан сарын бэлтгэлээ ханган тэмдэглэхээр тооцоо гарсан. Энэ бол зөвхөн тооцоолол.
Дээрх хэмжээний мөнгийг юунд илүү зарцуулж байгааг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасангаас тодруулахад, “Дийлэнх буюу 730,000 төгрөгийг бор идээ болох хонины ууц, архи болон буузанд зарцуулж байна. Үүнээс дунджаар 350,000 төгрөг нь ууцны зардал болж байна гэсэн тооцоо гарсан.Бүтцийн хувьд цагаан идээнээс бор идээнд илүү их мөнгө зарцуулж байна. Цагаан идээнд 460,000 орчим төгрөг, архи дарсанд дунджаар 60,000 төгрөгийг зарцуулж байна гэсэн тооцоотой. Насны бүлэг ахих тусам цагаан сарын бэлтгэлд зарцуулж буй зардал нэмэгдэх хандлагатай. Энэ нь уламжлалт соёлтой холбоотой байна гэв.
Гэрэл зургийг Н.Батбаяр