Цөмийн технологийг эрүүл мэнд, ХАА-н салбарт түлхүү хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-10 15:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөмийн энерги, технологийг олон хүн уранаар төсөөлөн уул уурхайтай холбон ойлгодог. Тэгвэл манай улсад цөмийн технологийн ашиглалт, хэрэглээгээр хавдар судлал, цөмийн онош зүй зэрэг эрүүл мэндийн салбар тэргүүлж, дараа нь ургамал, газар тариалан, мал аж ахуйд хэрэглэх байдлаар ХАА, байгаль орчин, эрчим хүчний салбар орж байна.


Харин уул уурхайн салбарын ашиглалт нэлээн бага хэрэглэдэг байна. Гэхдээ энд эрдэсийн хайгуул, олборлолтод цөмийн технологийг түлхүү хэрэглэдэг онцлогтой. Салбар салбарын энэ олон төрлийн ашиглалтын талаар өнөөдөр МУИС-ийн Төв номын санд болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх цөмийн технологийн оролцоо, хэрэглээ” сэдэвт уулзалтаар хэлэлцлээ.


Малын тэжээлээс эхлээд улаан буудай, цагаан будаа зэрэгт ургамал селекцийн аргаар шинэ сорт гарган авахад цөмийн технологийг өргөн хэрэглэх байдлаар улс ардын аж ахуйн салбаруудад түгээмэл ашигладаг. Одоо энэ бүхнийг судалгаа, мэдээллийн нэгдсэн нэг бааз суурьтай болгож, тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байгааг Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав онцлов.


Тэрбээр, Монгол Улс нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй хэдий ч олон улсын чиг хандлагатай уялдан өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээгээ хангах, цэвэр эрчим хүчний технологийн нэг хувилбар болох цөмийн эрчим хүчний технологийг авч үзэж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлах хэрэгтэй байгааг хэлж байлаа


Мал эмнэлгийн ерөнхий газрын хэлтсийн дарга Т.Тунгалаг Мал эмнэлэгт цөмийн технологи хэрэглэхийн үр дүн, давуу тал” илтгэлдээ,  хүнсний аюулгүй байдлыг хангахад мал эмнэлгийн салбарт цөмийн технологийн хэрэглээг эрчимжүүлэх хэрэгтэй буйг дурдаж, мал эмнэлгийн хэрэгслийг ариутгах, судалгаа-хөгжүүлэлт-инновац, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах цацрагаар шарах төхөөрөмжтэй болох шаардлагатай байгааг онцлов.


ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын Цөм, цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Бямбажаргал, цөмийн технологийн хэрэглээгээр хошуучилж байх учиртай боловсрол, шинжлэх ухааны салбар өнөөдөр 4-т яваа нь чамлалттай. Хэдий тийм ч үйлдвэрлэл, аж ахуйн хэрэглээний хувьд ураны нөөцтэй Монгол Улс өнөөдөр мэргэжлийн боловсон хүчинтэй, эрчим хүч-энергийн хомсдолтой орны хувьд бид цөмийн эрдэс баялгаа ашиглаад эрчим хүчний хэрэгцээгээ хангах Атомын цахилгаан станц барих, уранаа олборлоод боловсруулах бүрэн боломж бүрдсэн гэв. Тэрбээр, манай улс хуучнаар хавдарын “Цацрага туяа”-гийн гэгдэх эмнэлэгтэй болж, анхны рентген зураг авахаас эхлээд цөмийн технологийг хэрэглээд 60 жил болж буйг хэллээ. Мөн Монгол нь Дубна дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг үүсгэн байгуулагч орнуудын нэг гэдгийг тодотгож, өнөөдрийн байдлаар Монгол Улс Европын цөмийн судалгааны төв, Олон улсын цөмийн энергийн агентлаг, БНХАУ-ын Цөмийн судалгааны төв зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж буйг дурдлаа. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻