Тяньжин дэх Монголын эзэмшлийн 10 га газарт Тээвэр логистикийн төв байгуулах боломжтой хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллах үеэр Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус боомт хот нь Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж байна. Дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай Тяньжин хотын боомт нь 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, БНХАУ-д гуравдугаарт эрэмбэлэгддэг байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар Тяньжинтай ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсныг дурдаж, хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг.Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.
Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь боомтын үйл ажиллагааг танилцуулав. Тус боомт технологийн дэвшил, автомат системийг нутагшуулж байгаагаар онцлогыг дурдав. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл гэв.
Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр онцлон танилцууллаа. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар дурдлаа.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, бид Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төсөлтэй танилцлаа.
Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га
газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа
эрхлэх боломжтой. Тиймээс энэ талын
үйл ажиллагааг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байна.
Түүнээс гадна боомтын
салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн
засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацаас туршлага солилцох, улмаар нутагшуулах
талаар судалж хамтран ажиллана
гэв.