“Туульсын хаан Жангар” туулийг 1000 туульч хайлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-13 08:42:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зохиолын оргил гэгдэх тууль хайлах өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Говь-Алтай аймагт 1000 туульч “Туульсын хаан Жангар” туулийн 17 бүлгийг энэ сарын 12-нд хайллаа.


Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулав.

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд “Монгол Жангар хайлах” өв бүртгэгдсэн байдаг.

Тууль хайлах ёслолд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан уншиж сонордууллаа.

Уг мэндчилгээнд “Монголчууд төрийн их ёслол, найр хурим, эрийн гурван наадам хийх, хүүхдийн үс авах, хүүхдэд нэр өгөх, шинэ гэр барих, ан ав, аян дайнд мордох, уул овоо тахих зэрэг нийтийг хамарсан зан үйл, баяр ёслолын үед тууль хайлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг урин дуудаж ирсэн уламжлалтай. 

Монгол тууль бол эх хэл, түүх соёл, зан заншил, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө шингээж яруу сайхнаар аялгуулан илэрхийлдэг, монголын ард түмний оюун сэтгэлгээний охь дээж болсон хосгүй нандин үнэт зүйл юм. Тийм ч учраас Монгол туулийг нийт хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Энэхүү гайхамшигт өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, үнэ цэнийг өсгөх, хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, өвлүүлж уламжлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Монголчууд та бид нийт хүн төрөлхтний өмнө хүлээж байгааг онцлон тэмдэглэж байна.   

Монгол туулийн томоохон үнэ цэнтэй төлөөлөл болох Жангар туулийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Туульсын хаан Жангар” арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, харьяалах төрийн байгууллагууд, соёлын өвийг өвлөн уламжилж, хүртээл болгож буй өвлөн уламжлагчид, хүүхэд залуучууд, тус арга хэмжээнд хүрэлцэн ирж дэмжин оролцож буй зочид төлөөлөгч, ард иргэдэд баяр хүргэж, талархал илэрхийлье. Энэ нь Монгол тууль, тэр дундаа Жангар туулийн өвийн үнэ цэн, ач холбогдлыг ард иргэд, хүүхэд залуучуудад таниулахаас гадна үндэсний түүх, соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй хандах, бахархах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэсэн байдаг.


相关新闻