Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.2 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-03 15:07:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 12.2, өмнөх оны эцсийнхээс 2.4, өмнөх сарынхаас 1.2 хувиар өслөө.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 21.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Дээрх үнэ 2 дугаар сард өмнөх оны эцсийнхээс 2.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.1, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Харин энэ үнэ 2 дугаар сард өмнөх сарынхаас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.8, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.5, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.


Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 2 дугаар сард 15.3 хувь гарсан бол 2023 оны 2 дугаар сард 12.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеийнхээс 3.1 нэгж хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд дурджээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 2 дугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь гарсны 4.4 (36.1 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр төрлийн, Улаанбаатар хотод 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж байв. Инфляц энэ оны 2 дугаар сард 12.2 нэгж хувь гарсны 5.5 (45.1 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2022 оны 2 дугаар сард 18.4 хувиар, 2023 оны 2 дугаар сард 15.9 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2022 оны 2 дугаар сард 14.2 хувиар, 2023 оны 2 дугаар сард 10.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 3.5 нэгж хувиар багасжээ. 

相关新闻