Олон нийт төсвийн төсөлтэй 75 хоногт танилцан шийдвэр гаргадаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-04-12 13:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 30 гаруй гишүүн Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байна. Ээлжит хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Блю Скай” зочид буудалд зохион байгуулав


Төсөвтэй холбоотой хуулиудын төслийн үндсэн асуудал сүүлийн 10-15 жилд төсөв дээр дүн шинжилгээ хийж, өнгөрсөн жилүүдийн алдаа онооны сургамжийг нэгтгэн, хуулийн хүрээнд оновчтой шийдэл гарц, бодлогын баримт бичгийг боловсруулж гаргахад оршиж байгааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцүүлгийн нээлт дээр хэллээ.


Тэрбээр, өнгөрсөн хугацаанд төсвийн үндсэн, гол хууль болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 10 удаа өөрчлөлт оруулж, мөн 10 удаа батлах ёстой байсан Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвүүдийг дандаа тодотгож, 20-30 удаа өөрчилж, алдагдалтай явж ирснийг тэмдэглэн хэлж байна.

Ингэснээр Монгол Улсад төсвийн талаар сахилга бат, хариуцлага байхгүй явж ирснийг онцоллоо. Тиймээс төсвийн үрэлгэн бодлого, зардлаа хэтрүүлдэг дээрх бүх байдалд цэг тавьж, өөрчилж, тодорхой хуулийн гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлага бий болсон нь бодитоор харагдаж байна гэв.

Хуулийг өөрчилж баталснаар өмнө нь учир дутагдалтай явж ирсэн төсвийн ил тод, нээлттэй байдлыг цаашид ханган, хяналтыг нэгдүгээрт тавьж, олон нийтийг төсвийн төлөвлөлт, боловсруулалтын үйл явцын шатанд эхнээс нь саналаа өгч, оролцуулдаг болно хэмээн амлаж, энэ хугацааг 75 хоног болгон нэмэгдүүлж байна гэв.


Төсвийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог хэрхэн яаж ханган хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, "төсвийг хянаж байх ёстой Төсвийн тогтвортой байдлын зөвлөл манаачийн үүргээ жинхэнээр гүйцэтгэж, аудитын байгууллага энд дуу хоолой болон асуудлыг гаргаж ирж, түүнд нь мэргэжлийн байгууллага дүн шинжилгээ хийдэг байя" гэсэн саналаа хэлэв.


Тэгвэл дээрх асуултад эдийн засагч Б.Мөнхсоёл, төсвийг цагт нь тулгаж, танилцаж амжаагүй шахам байхад хурдан хэлэлцэж баталдаг. Гэтэл төсвийн цагалбар байдаг. Түүнд ч мөн хангалттай хугацаа гаргадаггүй хэмээн шүүмжлэлтэй хандаж, төсвийн боловсруулалтад УИХ-ын гишүүдийн чадамжийн асуудлыг ярих учиртай гэв. Бие даасан эдийн засагч, төсвийн талаар анализ дүгнэлт хийдэг мэргэжлийн хүмүүстэй хамт, Үндэсний аудитын газраас өмнөх жилүүдэд гаргасан тайлантай танилцаж, судалж, дүгнэлт гаргах хугацааг хослуулан тооцох хэрэгтэй гэсэн саналаа хэллээ.

“Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгээр хамгийн хөндөгдсөн зүйл нь төсвийн хяналт байв.



“Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн ерөнхий зөвлөх С.Сүхдэлгэр хэлэхдээ, үр дүнд суурилсан төсөв хийх нь бүх оролцогч талд ашигтай байх боломжийг бий болгодог гэдгийг онцолж, УИХ-д төсвийн зарцуулалтын хяналтыг бий болгосноор:

  • Засгийн газар тэргүүлэх чиглэлийн уялдаа холбоог хангаж,
  • Сангийн яам нотолгоонд суурилсан үр ашигтай зарцуулалтад хандан,
  • салбарын яамд оновчтой шийдвэр гарган,
  • иргэд, олон нийт төсвийн үйл явцад оролцдог, ийм боломжийг хангаж өгдөг талаар танилцууллаа.
Төсөв бол бодлого, төсвийн мөнгө бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл юм.


Төсвийн үрэлгэн бодлого, зардлын тааз хэтэрсэн байдлыг болоогүй хэмээн тооцон үзвэл улс орны эдийн засаг ямар байх  вэ гэсэн асуултад Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, Засгийн газрын өр илүү хурдан буурч, төсвийн алдагдал болон өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувиас бага байж, хуримтлал үүсгэх хэмжээнд очно гэдгийг онцолж байна.


Өнөөдрийн “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд, мөн санхүү, эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулиудын удирдлага, гадаад, дотоодын төрийн болон ТББ-ын 80 гаруй төлөөлөл оролцлоо.

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

相关新闻