ГОВЬ-АЛТАЙ: 12 сумын 35 дурсгалт газарт 50 буган хөшөө бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-19 12:11:38

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 сумын 35 дурсгалт газарт нийт 50 буган хөшөө бүртгэлтэй байна.


Говь-Алтай аймгийн нутагт буй буган хөшөөд Монгол Алтайн гол нурууны дагуу Тонхил, Бугат сумын нутагт төвлөрч ихэвчлэн голын хөндийд байрласан байх ажээ.

Хамгийн их тархацтай нь Тонхил суманд 18 хөшөө, Бугатад 7, Эрдэнэд 6, Дэлгэр 4 хөшөө байна.

Бусад сумдад харьцангуй цөөн. Тухайлбал, Төгрөгт 3, Бигэрт 3, Алтайд 2, Халиун 2, Баян-Уулд 1, Даривд 1, Есөнбулагт 1, Шарга сумд 1 хөшөө байгаа аж. 

Буган хөшөө нэг дор олноороо цогцолбор болж байрласан нь маш цөөхөн бөгөөд зөвхөн Тонхил сумын нутаг Тамчийн талд 5, Замтын аманд 4, Бугат сумын Бургасны гүүрэнд 3, Эрдэнэ сумын Цэлгэр 4 хөшөө нэг дурсгал газарт буйгаараа онцлогтой. Харин бусад буган хөшөөд ганц хоёроороо хиргисүүрийн дэргэд эсвэл дангаараа тахилын байгууламжтай байдаг тухай Монгол орны археологийн цуврал бүтээлд тэмдэглэгдсэн байна. 

Түүнчлэн тус аймгийн нутагт тархсан буган хөшөөдийг төрөл зүйлээр нь ангилбал энэ бүс нутагт "Евроазийн" буюу бугын дүрсгүй хөшөөд дийлэнх тодруулбал 27 буюу 54 хувийг эзэлж байна.

Говь-Алтай аймгийн нутаг эртний нүүдэлчдийн үлдээсэн түүх соёлын дурсгалаар арвин баялаг бөгөөд түүний нэгээхэн хэсэг нь хүрлийн үеийн буган хөшөө бүхий цогцолбор дурсгал юм. 


Тонхил сумын нутагт орших “Бага усны буган ба хүн чулуу” онцлон танилцуулъя.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс баруун урд зүгт орших Бага Ус гэдэг гэдэг газарт урдаас хойд зүгт цуварч байрласан гурван дөрвөлжин булшны дэргэд хоёр хүн чулуу, нэг буган чулуун хөшөө бүхий эртний дурсгал байдаг. Булшнууд хоорондоо 1.5 метр зайтай (2x2 м квадрат хэмжээтэй) ба буган чулуун хөшөө дунд нь, хүн чулуунууд захад нь байрлажээ.


Урд талын хүн чулуу нь эрэгтэй хүний дүр төрхтэй бөгөөд зөвхөн толгой, цээжний хэсгийг дүрсэлжээ. Нүүрний байдал зууван, хоёр хөмсгийг нэлээн дээрээс хагас нумруулан голд нь нийлүүлж, жартгар хоёр нүдийг том монхор хамартай нь залгуулан памбагар зузаан уруул, цүлхгэр эрүүг чулууных нь хэлбэрт тааруулан сийлэхдээ зөвхөн хүний толгойн хэлбэр гарган урлажээ. Хүн чулууны өндөр 0.50 см, өргөн 0.40 см, зузаан 0.20 см. Хойд талын хүн чулуу алга болсон гэх бөгөөд эмэгтэй хүний төрхтэй байсан гэлцдэг.


Буган чулуун хөшөөний өндөр 1.72 см, өргөн нь 0.20 см, зузаан нь 0.20 см. Хөшөөний дээд нүүрэн талд чулууны хагас махийж тахийсан хэсгийг ашиглан дугуй (нар), түүний дор "Г" үсэг мэт тэмдгийг сийлж, түүнээс дооших шулуун хэсэгт сонгодог хэлбэрээр дүрсэлсэн бугануудыг зөв буруу сөөлжүүлэн давхарлан үелүүлж зуржээ. Хөшөөнд өөр ямар нэгэн зэр зэвсэг бусад зүйлсийг дүрслээгүй байна. Эндэх дурсгалын хүн чулуу нь Түрэгийн, буган хөшөө нь хүрэл зэвсгийн үед холбогдох юм.

相关新闻