“Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадад шалгарсан сурагчид ШУТИС-д урилгаар элсэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-26 14:11:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар болжээ.

 

Энэхүү олимпиад нь ЕБС-ийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.

 

Олимпиадыг ЕБС-ийг 2023 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх сурагчдын дунд явуулах бөгөөд математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорих юм.

 

Тус олимпиадад нэгдүгээр байр эзэлсэн сурагчийг ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэй эрх болон өргөмжлөл, алтан медалиар шагнах юм. Харин хоёрдугаар байр эзэлсэн хоёр сурагчийг ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт, гуравдугаар байрт гурван сурагч шалгаруулж ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, тус бүр медаль, өргөмжлөл олгоно. Мөн тусгай байр эзэлсэн таван сурагчид ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрөөс 30 хувь хөнгөлөлт үзүүлэх урамшуулалтай юм байна.

相关新闻