Соёлоор дамжуулан албан бус боловсрол олгох хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Соёлын сэргэлт" аяны хүрээнд Төв аймгийн Нийтийн номын сан, “Хүмүүн цогцолбор” дунд сургуульд соёлын боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Музейн тухай хуульд зааснаар музей нь боловсрол, танин
мэдэхүйн ажил зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд 16 хүртэлх насны хүүхэд
музейгээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр улсын хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчит музей нь ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдын хичээлийг музейд явуулах, практикаар бататган судлах боломжийг дэмжиж
байгаа бөгөөд музей бүр өөрийн онцлогийг илтгэсэн боловсролын хөтөлбөрийг
тогтмол хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал, “Чингис хаан” үндэсний музей нь “Музейд
суралцахуй” боловсролын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөрөө
сурагчдын үзсэн түүхийн хичээлтэй уялдуулан Төв аймгийн “Хүмүүн цогцолбор” дунд
сургуульд явууллаа. Энэ хөтөлбөрөөр сурагчид Буган чулуун хөшөө урлах, Шороон
бумбагарын бунхны хамгаалагч домгийн амьтан зурах, Хүннүгийн амьтны загварт
урлаг зургийн хөтөлбөрийг заасан юм. Харин аймгийн нийтийн номын сан Хүннүгийн
бэлгэт гөрөөс урлах соронзон наалтны хөтөлбөр, Монголчуудын шүтээн “Наран
саран” ил захидлын хөтөлбөр, Монголын Эзэнт гүрний үеийн хаад, хатдын малгай”
эсгий урлалын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэв.
Мөн хүүхэд багачуудад сонирхолтой байх үүднээс “VR”
технологийг ашиглан “Чингис хаан” үндэсний музейгээр аялах, тухайлсан үзмэр, эд
өлгийн зүйлсийн талаарх мэдээллийг илүү сонирхолтой байдлаар үзэх зэрэг албан
бус боловсролын хөтөлбөрт хамруулав.
Төрийн өмчийн бүх музейгээр 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх, мөн өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон музейн боловсролын хөтөлбөрт үнэгүй хамрагдах боломжтой юм.