Ч.Номин: Соёлын байгууллагуудын албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-17 11:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас соёлын салбарынхны цалин урамшуулалтай холбоотой шийдвэр гаргасан байна.


Энэ талаар Соёлын сайд Ч.Номин, “2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газарт ажиллаж байгаа соёлын байгууллагуудын албан хаагчдад 5 жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох заалт туссан. Энэхүү заалтын хүрээнд холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газраас шийдвэрлэлээ.


Одоогийн байдлаар соёлын салбарын 452 албан байгууллага ажиллаж байгаагаас 432 нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрт ажилладаг 4470 ажилтны 3002-д нь нэг удаагийн тэтгэмж олгогдохоор байна. Үүнээс гадна манай салбарт ажиллаж буй ажиллагсдын цалингийн асуудал ихээхэн орхигдож, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинтай харьцуулахад 6-25 хувиар бага байгаа юм.


Өнөөгийн байдлаар нийт ажиллагсдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа бол дундаж цалин 760 мянган төгрөг байна. Соёлын салбарынхантай уулзахад цалин бага, амьжиргаанд хүрэлцдэггүй гэсэн асуудлыг дэвшүүлдэг. Иймд энэ онд цалингийн асуудлыг шийдвэрлэж, боловсролын салбарын ажилтнуудын цалинтай дүйх хэмжээнд хүргэнэ. Түүнчлэн зохих хуулиудын хэрэгжилтээс хамаарч 10 гаруй урамшууллыг авах боломжтой болж байна. Үүнээс гадна олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг нь ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах зэрэг бололцоог бүрдүүлсэн” гэлээ. 

相关新闻