Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүд соёл уламжлалаасаа суралцах боломж нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-19 10:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 

Боловсролын ерөнхий газрын удирдлага хилийн чанадад амьдарч буй хүүхэд багачуудад Монголын уламжлалт ёс заншил, нүүдлийн ахуй соёлыг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн мөрөөдлийн сургууль” нийгэмд үйлчлэх ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 18-нд байгууллаа.

 

Энэ хүрээнд Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дорнод аймагт байгуулагдаад байгаа “Нүүдлийн соёлын зуслан”-д 21 улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй эх хэл соёлын сургалтын төвийн хүүхэд багачуудыг хамруулан, хилийн чанадад болон эх орондоо амьдарч буй хүүхэд багачуудад харилцан бие биеэсээ суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Цаашид Монгол УлсынЕБС-ийн багш нарыг гадны улс орнуудад туршлага судлуулах богино, дунд хугацааны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “I STUDY global education” группийн ISSP шалгалтыг хамтран зохион байгуулах, төгсөх ангийн сурагчид болон залуу багш нарыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөжээ.

 

“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Соёлын яам, ХНХЯ дэмжин хамтран ажиллаж байгаа юм. 

相关新闻