2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-15 12:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг Монголын түүхийн хичээлээр эхэллээ.


ЭЕШ-ыг Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байранд зохион байгуулж байна. Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч, өмнөх оны төгсөгч 3688 байгаа. Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй ба хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орон бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна. Комиссын бүх гишүүдэд танхимын болон онлайн сургалтуудыг зохион байгуулсан хэмээн Боловсролын Үнэлгээний төвийн дарга Л.Ганбат мэдээлэв.


ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалт 80 минут болох юм.  Шалгалт дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засах байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах бөгөөд дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.


Мөн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн, BI системд байршуулдаг болсон. Ингэснээр бичигдсэн мэдээллийг өөрчилж устгах боломжгүй, ЭЕШ-ын даалгавар, танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэл дээр судалгаа шинжилгээ хийх боломжтой юм. Түүнчлэн “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам өнгөрсөн онд гарч хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол хэлбичгийн шалгалт зохион байгуулж нийт 4856 шалгуулагч тэнцээгүй байна. Үүнтэй холбогдуулан наймдугаар сард дахин монгол хэл бичгийн шалгалт авна. Мөн ЭЕШ-ыг жилд хоёр удаа зургаа, арван хоёрдугаар сард зохион байгуулах аж.


ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг БҮТ-ийн www.eec.mn цахим сайтаас авах боломжтой.

А.Мичидмаа

相关新闻