Оны эхний 9 сард хилийн чанадад 45 иргэн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 45 иргэн нас баржээ.
Иймд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар дэмжлэг үзүүлэх, шарилыг чандарлах, нутаглуулахад хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох зэрэг арга хэмжээг ГХЯ-наас авч хэрэгжүүлсэн байна.
Мөн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс 9 дүгээр сарын 12-ны байдлаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 13 улсад нийт 99 монгол иргэн ял эдэлж байгаа аж.
Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байгааг тус яамнаас анхаарууллаа.
Дашрамд дурдахад, Швейцарь, Франц, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдэлж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй гэсэн тайлбарыг албаныхан өгч байв.
Б.Туул