“Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас” ном, үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-03 16:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас” үзэсгэлэнг Монголын театрын музейд өнөөдөр нээлээ.


Уг үзэсгэлэнд коммунист үзэл санаа бүхий социалист улсаас хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлдэг олон намын тогтолцоотой болсон Монгол Улсын түүхэн шилжилтийг Ирья Халаш, МоАХ, Зориг сан, С.Цогтбаяр, Д.Баатарсүрэн нарын  цуглуулгааас түүвэрлэн дэлгэжээ.


Энэ үеэр Финландын сэтгүүлч Ирья Халаш, Монголын график дизайнер Б.Мэнд-Амар нарын хамтран гаргасан “Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас” номын нээлт болов. Энэхүү 332 хуудас бүхий номд 450 гаруй зурагт хуудас, гэрэл зураг агуулсан байна.


Нээлтийн үеэр Финландын сэтгүүлч Ирья Халаш хэлэхдээ, “Энэхүү номд орсон зургууд нэг улсын, мөн дэлхий ертөнцийн түүхийг өгүүлнэ. Монгол орны коммунизмын цаг үе, 1990 оны цагаан морин жилд хамаарах маш олон зурагт хуудас, гэрэл зураг, бусад дүрст бүтээлийг зохистой архивлан хадгалах аргагүй байсан юм уу гэмээр алга болж орхижээ. 1980-аад онд социалист дэглэмийн сүүл хагас, 1990-ээд оны “Ардчилсан хувьсгал”-ыг Монголд байж биеэр үзэхдээ ардчилсан хөдөлгөөнийг дэмжигч олон найз нөхөдтэй байсандаа өөрийгөө азтайд тооцдог. Тиймдээ тухайн үеийн үйл явдлыг сурвалжлан нийслэл Улаанбаатар хот дахь нууц байранд Польшийн Солидарити хөдөлгөөний идэвхтэн сайн дурынхны тусламжтай ардчилсан хөдөлгөөний зурагт хуудас, тараах материалаа хэвлэх арга барилыг нь дэргэдээс нь харж, дурандаа буулгах онцгой хувь тохиосон. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцэлд гар, бие оролцсон хэн бүхнийг хүндэтгэх үйлсэд энэхүү ном өчүүхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


График дизайнер Б.Мэнд-Амар хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнгээр Монгол Улсын ардчиллын шилжилтийн үеийг зурагт хуудас болон шог зургаар хэрхэн өгүүлж байсныг харуулахыг зорьсон. Монголын зурагт хуудас, дүрслэх урлагийн түүхийг авч үзвэл Ленин, Марксизмыг дэмжсэн, нэг намын тогтолцоотой, намын харьяанд бүтээлүүдээ хийдэг байв. 1990-ээд онд нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн уран бүтээлчид ардчилсан хувьсгалын зурагт хуудас бүтээж байсан. Тухайн үед Финландын сэтгүүлч Ирья Халаш эдгээр бүтээлийг хадгалж цуглуулдаг байсан. Тэрбээр 1990-ээд оны ардчилсан жагсаалын анхны мэдээг телексээр дэлхийд цацсан. Эл номд социализмаас ардчилсан нийгэм рүү шилжсэн үеийн ялгааг харуулж буйгаараа онцлогтой” гэв.


Номын эхний хэсгээс коммунист цаг үеийн зурагт хуудас ямархуу хэв шинжтэй байсан, улмаар дараагийн хэсгээс 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр хэрхэн утга санаа нь хувиран өөрчлөгдсөнийг харах боломжтой. Мөн номд багтсан зурагт хуудас, товч тайлбараас Монгол Улсын коммунист үзэл санаанаас ардчилалд шилжихээс өмнөх болон шилжилтийн үеийн аж байдал, ахуй амьдралыг тоймлон мэдэх боломжтой. Тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл олны хүртээл болно.




















相关新闻