"Монгол наадам, монгол бөх" тусгай үзэсгэлэнг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-07 16:38:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Монгол наадам, монгол бөх" тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд толилуулж байна.

 

Монголчууд төр тогтсон эрт үеэс эр хүний хүч чадал, авхаалж самбаа, хүлэг морьдынхоо шандсыг сорин улс түмнээрээ наадан цэнгэж, төр түвшин түмэн олон амгалан жарган суухын бэлгэдэл болгодог билээ.  Энэхүү үзэсгэлэнд монгол түмний эрийн гурван наадмаас анх удаа Далай даян дархан аварга, Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Түвдэндоржийн бөхийн хувцас хэрэглэл, үнэмлэх, төдийгүй үе үеийн онцлог ялгаа бүхий хүчит бөхчүүдийн зодог шуудаг, түрүүний боолт, ногт, болон уран зураг, сийлбэр зэрэг 60 үзмэрийг дээжлэн хүргэж байна.

 

Мөн үзэсгэлэнд Монгол түмний “Эрийн гурван наадмын” хүчит бөх, хурдан морь, сурын харвааг дүрслэн мөнхөлсөн Халх их язгууртан Автай сайн ханы шүтээн хөрөг болон Далай Даян Аварга Цэвэгийн Буянтогтох, Дархан Аварга Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дарийн Дамдин нарын уран зураг зэрэг олон сонирхолтой үзмэрийг үзэх боломжтой.


Тус үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. 









相关新闻