“Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-14 14:57:47

Монгол төрийн мэргэн сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Булган аймгийн Бугат сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Бугат сумын нутгийн зөвлөл хамтран “Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг маргааш зохион байгуулна.

Энэ удаагийн хурлаар А.Амарын амьдрал, үйл ажиллагаа, Монгол орны нийгэм, улс төрийн хөгжил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт түүний оруулсан хувь нэмэр болон түүнийг улс төрийн хилс хэрэгт хэрхэн хэлмэгдүүлсэн тухай эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааныхаа шинэ баримт мэдээнд тулгуурлан сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм. Мөн А.Амарын дурсгалыг мөнхжүүлэх талаар сүүлийн жилүүдэд хийж буй ажил, цаашид хийх зүйлийн талаар шинэ мэдээ баримтыг танилцуулах аж.

ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч А.Амар нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, өнөөгийн Булган аймгийн Бугат сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр багаасаа бичиг үсэг сурч 1913 оноос Гадаад яаманд бичээч, эх зохиогч, дэс түшмэлийн алба хашиж, төр, нийгмийн зүтгэлтэн болох ажил, амьдралын их зам нь эхэлжээ. Тэрбээр 1921 оноос Ардын засгийн газарт туслах түшмэл, 1923 оноос Ардын засгийн газрын Гадаад, Дотоод, Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улсын банкны дарга, 1928 оноос БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932 оноос Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оноос БНМАУ-ын Ерөнхий сайдаар тус тус ажиллажээ. Түүнийг 1939 оны 3 сарын 07-нд баривчлан ЗХУ-д аваачин мөрдөн байцааж, эрүүдэн шүүсээр улс төрийн хилс хэрэг хүчээр тулган 1941 оны 7 сарын 10-нд хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 12 сарын 15-ны магадлалаар А.Амарт тулгасан хилс хэргийг хүчингүй болгон цагаатгажээ. А.Амар олон жилийн турш үндэснийхээ түүх, соёл болон ирээдүйн хөгжлийн арга замыг шимтэн судалж 30 гаруй бүтээл туурвисны дотор 1934 онд “Монголын товч түүх” хэмээх алдарт бүтээлээ туурвижээ. Энэ нь Монгол үндэстний 2000-аад жиийн түүхийг улируулан судалсан анхны бүтээл юм.

Ж.Болор

相关新闻