АРХАНГАЙ: МУГЖ Т.Ариунаа Соёлын наадамд ая дуугаа өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-26 23:02:30

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд болж буй Соёлын наадмын үеэр МУГЖ Т.Ариунаа наадамчин олонд ая дуугаа өргөлөө.


Энэ үеэр түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, Архангай аймгийн 100 жилийн ойн баяр урлагийн бүхий л талыг дэмжсэн, нартай хуртай өргөн дэлгэр наадам болж байгааг онцлоод, “Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн жил болгон зарласан. Архангай аймаг үүнийг маш соргогоор хүлээн авч, соёлын өргөн хэмжээний маш том талбайг бий болгож уран бүтээлчид хөдөө орон нутгийнханд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үрийг тарьж байгаа нь олзуурхууштай. Наадмын хүрээнд дуучид зөвхөн дуулах биш олон түмэнд урлагийн бүхий л төрлөөр үйлчилж байна. Хөдөө орон нутагт амьдарч буй шинэ үеийн залуучууд хүүхдүүдийг урлагаар соён гэгээрүүлэх, цаашид хадгалж хамгаалах үүргийг бид гүйцэтгэх ёстой байдаг.


Миний хувьд Архангай аймагт төрөөгүй хүн, ижийгээрээ гангарч явна. Ижий маань Архангай аймгийн Ихтамир сумын Бугант ишгэн толгой гэдэг газарт төрсөн. Ижийгийн маань ээж Амгалан, Амгалан эмээгийн маань ээж Янжин ахай гээд их сайхан дуулдаг хүн байсан гэсэн.


Би ижийгийнхээ буянаар Архангай аймгийн 90 жилийн ойгоор бие даасан тоглолтоо хийж байсан. Энэ удаа 100 жилийн ойгоор ирж ая дуугаа өргөж байна.


Хүн эхээс үүдэж эцгээс заяадаг гэдэг шүү дээ. Эх хүн гэдэг гайхалтай хүчтэй дуудлагатай байдаг юм байна. Ижий гэхээр нулимс асгараад, ижийнхээ нутаг руу гүйгээд ирдэг юм байна. Ижий маань тэнгэрээс харж байгаа байх. Монгол ижий бүр элэг бүтэн, баяр хөөртэй, монгол үрсүүд амар амгалан байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай” хэмээв.

相关新闻