Авлигатай холбоотой хэргүүдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАТГ-аас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татаж баривчилсан байна.
АТГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон юм. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан. Тэгвэл үүн дээр нэмж Сүхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцаа, НӨХГ гэхчлэн газрын албаныхан хуулийнхны нүдэнд дахин өртөж эхэллээ. Бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж буй хэргээр Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхныг ч шалгах мэдээлэл байна. Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар олгож, түүнийхээ хариуд хууль бусаар 200 сая төгрөгийн хахууль авч буй үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан. Мөн өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон. Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Харин Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгасан мэдээллүүдийг АТГ шалгаж байна.
Ж.Батсайхан