Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд сургалт явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын санхүүгийн секторын мэргэжилтэн Аёонг Ким, төслийн олон улсын зөвлөх Карлос Эскудеро нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хооронд "Шүүхийн сургалтын чадавхыг хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд явуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уулзалтаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд зориулан зохион байгуулах сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлох талаар хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдийг сургах цогц арга хэмжээ хэрэгжүүлж эхлэж байгаа нь шүүхийн сургалтын практикт шинэ тутам ажил болж байна. Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, гарын авлагатай болж, түүнийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэх асуудлыг цогцоор нь авч үзэж байгаа нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. Тэрбээр мөн сургалтын сэдвийн хувьд нэгдүгээрт, Эдийн засаг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын мэдлэг олгох, хоёрдугаарт, шинэ Эрүүгийн хууль(2015)-д заасан эдийн засгийн гэмт хэргийн төрлүүд, тэдгээрийг хянан шийдвэрлэж буй олон улсын туршлагын талаар мэдлэг эзэмшүүлэх, гуравдугаарт, Монгол Улс дахь эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, онцлох кейсийг авч үзэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд маргааш дахин уулзаж сургалтын сэдэв, агуулгыг хэлэлцэхээр тохиров.
Н.Туяа