Австрали Улс үерт нэрвэгдсэн хүмүүс хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали Улс саяхан Монгол Улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Үерт нэрвэгдэгсдэд туслах арга хэмжээнд дэмжлэг үзүүлж буй МУЗН, НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан Австрали Улс хүмүүнлэгийн туслалцааг үзүүлэх юм. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит “Үерт ойр дотнын хүмүүс, гэр орон, амьжиргаагаа алдсан иргэдтэй бид сэтгэл зүрхээрээ хамт байна. Австрали, Монголын ард иргэд хүнд хэцүү үед бие биедээ тусалж ирсэн түүхтэй. Австрали Улс нь Монголын гуравдагч хөрш, үнэнч түншийн хувьд үерт нэрвэгдэгсдэд туслах, үерийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах болно” гэлээ.
МУЗН үерт орон гэрээ алдсан айл өрхүүдэд хүнсний ба бусад нэн хэрэгцээт бараа хуваарилах, ОБЕГ ба бусад холбогдох байгууллагуудтай хамтран гамшгийн хохирлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг үзүүлж буй. НҮБ-ын Хүн амын сан орон гэргүй болсон эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, ариун цэврийг сахихад зайлшгүй шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн иж бүрдлээр хангах юм.