Хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон юм. Уламжлал ёсоор өнөөдөр 5 дахь удаагаа Сүхбаатарын талбайд Номын баярын өдрийн нээлт болов.
Нээлтийн эхэнд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн 2 дугаар ангийн сурагчид “Жигмэд Тогмид хоёр” дуугаар ая дууны мэнд өргөсөн юм. Уг дууны үгийг хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж 60 жилийн тэртээ бичиж, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар ая хийж байжээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, СГЗ Г.Аким нарын зэрэг хүндэт зочид оролцов.
Номын баярыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ, “Номын баярын өдөр”-ийг төв, орон нутагт тэмдэглэдэг уламжлал тогтож “Тэргүүний уншигч-гэр бүл”, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналтныг шалгаруулах, “Номын хандив”-ын аян зохион байгуулах, зохиолч-уншигчдын уулзалт, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа, “Ардын уран зохиолчдын уран бүтээл”-ийн үзэсгэлэн, тэргүүний уншигч сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, “Миний дуртай зохиолын баатар” хүүхдийн гар зургийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын зохиолын шилдэг дүрийн тоглолт, “Хамгийн их уншлагад гарсан ном”-ын үзэсгэлэн, тэргүүний уншигчдын уулзалт зохион байгуулах, номын сангууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, “Танд уншихыг зөвлөж байна”, “Ном унших зөвлөмж”, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” талаар мэдээлэл, зөвлөгөө өгч хэвшлээ.
Ерөнхийлөгчийн зарлигт заасан номын өв санг арвижуулах үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газраас сүүлийн хоёр жилд гэхэд л Монголын эх түүхийн 7 боть, Ерөнхийлөгчийн бичсэн Ардчиллын тухай 5 боть ном, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан “Монгол Улс чөлөөлөх дайнд-1945”, “Монгол Улсын Ерөнхийлөгч-25 жил” он дарааллын товчоон, “Монгол Ил-хаадын судлал” нэг сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл зэрэг номоор хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.
Энэ удаагийн номын баярт зохиогч, орчуулагч болон хэвлэлийн 126 орчим аж ахуй нэгж оролцож байна. ЕБС-ийн сурах бичгүүд, сонгомол зохиол, хүүхэд залуусын нэвтэрхий толь болон гадаад хэлний толь бичиг борлуулж буй асарт хүүхэд, залуус олноор цуглажээ.
Энэ үеэр хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байлаа. Тухайлбал, Мир номын дэлгүүрийнхэн "Үлгэрийн орноор аялая, Хүүхдийн сонгодог зохиолууд, Амьд мэт Бяцхан театрууд, Буддаг ном, 3D цуврал, Хэлд оруулж үг заадаг ном, Буратино, Алиса, Дэлхийн атлас, Анна франкийн түүх зэрэг бусад бүх хит номуудаа 20 хувь хямдруулан худалдаалж байна. Сюзан Коллинсын “Өлсгөлөн тулаан” номыг 17 мянган төгрөгөөр худалдаалдаг бол энэ өдөр 13 мянган төгрөг болгон хямдруулжээ. Түүнчлэн “Али Баба ба дөчин дээрэмчин”, “Аладдины шидэт дэнлүү” зэрэг хүүхдийн ном 22 мянгаас 30 хувь хямдран 15 мянга 400 төгрөгөөр, “Алиса гайхамшгийн оронд” ном 35 мянгаас 30 хувь хямдарч 24500 төгрөгөөр борлуулж байна. Мөн хүүхэд багачуудын унших дуртай "Бумбардай" комик ном 12500 төгрөг болон хямдарчээ.
Номын баяр маргааш өндөрлөнө.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр